Монгол орны хоймор нутаг Хөвсгөл аймагт ажиллаад ирлээ. Цаг улирлын зүй тогтлоо дагаад тус бүс нутаг руу чиглэсэн жуулчдын урсгал харьцангуй татарсан ч бүтээн байгуулах их ажил тэнд ид өрнөж байна. Аялал жуулчлалын давлагаа намжсан ч ажил үйл нь оргилсоор. Бидний хэдэн цөөн сэтгүүлч Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй хэд хэдэн төслийн үйл явцтай газар дээр нь танилцаж, тухайн ажлыг хариуцсан мэргэжилтнүүд болон орон нутгийн удирдлагуудтай уулзлаа. Энэ нь Азийн хөгжлийн банкны Монгол Улс дахь суурин төлөөлөгчөөр томилогдоод удаагүй Шэннон Коулины орон нутаг дахь анхны томилолт боллоо. Мөн тус банкны төв (Филиппиний Манилад байрладаг)-өөс ирсэн сэтгүүлчид энэ багт багтсанаараа онцлог байв.
Хөвсгөл аймгийн Засаг дарга П.Лхагважав “Азийн хөгжлийн банкны дэмжлэгээр манай нутагт хэрэгжүүлж байгаа төслүүд цаг үеэ олсон, нийгэм, эдийн засагт өндөр холбогдолтой. Үүнийг хэрэгжүүлэхэд учирч буй саад бэрхшээлийг арилгах, цааш нь амжилттайгаар үргэлжлүүлэн авч явах, жишиг ажлуудыг түгээн дэлгэрүүлэх, нутагшуулах чиглэлд орон нутгийн зүгээс анхаарч байна. Хүнсний аюулгүй байдал, ус хангамжийг сайжруулах зорилготой төслийг тус банкнаас манай аймагт анх хэрэгжүүлсэн нь хөвсгөлчүүдэд үр дүнгээ өгсөн. Өдгөө хэрэгжүүлж буй байгаль хамгаалах, иргэдийн амьжиргааг дэмжих, аялал жуулчлалыг хөгжүүлэх, сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээр хангах төслүүд ч орон нутгийн хөгжил, экологи, эдийн засагт өндөр ач холбогдол үзүүлэх нь дамжиггүй” хэмээн уулзалтын эхэнд онцолсныг энд дурдъя.
ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮНИЙ ХӨГЖЛИЙН ТӨВТЭЙ БОЛЛОО
Хөвсгөл аймаг олон улсын жишиг, стандартад нийцсэн орчин нөхцөлд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үйлчилгээ үзүүлэхэд бэлэн болжээ. Орон нутагтаа анхдагч гэж хэлж болохуйц ийм төвийг “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог хангаж, үйлчилгээг сайжруулах төсөл”-ийн хүрээнд Архангай, Ховд, Дорнод, Дундговь, Дархан-Уул, Хөвсгөл аймагт байгуулсан нь ийнхүү үйл ажиллагаагаа эхлүүлэх гэж байна. Азийн хөгжлийн банкнаас ийм чиглэлээр Монгол Улсад хэрэгжүүлсэн анхны төсөл нь энэ аж. Үүний хүрээнд зөвхөн барилга, байгууламж бариад зогсохгүй хөгжлийн бэрхшээлийг эрт илрүүлэх тогтолцоо бүрдүүлэх, мэдээллийн, орчны хүртээмжийг сайжруулахаас эхлээд хууль, эрх зүйн орчныг шинэчлэх цогц ажил хийсний нэг нь Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төв юм. Ийм төвтэй болсноор хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон тэдний гэр бүлийг хөгжүүлэх, дадлагажуулах, шаардлагатай тусламж, үйлчилгээг цаг алдалгүй үзүүлэх боломж бүрдэж байна.
Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийг төвийг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн загвар, техникийн үзүүлэлтийн дагуу барьснаараа онцлог. Гэрлийн тусгал, шалны материалаас эхлээд бүх зүйлээ хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн онцлогт тохируулан шийдсэн байлаа. Харааны бэрхшээлтэй иргэдэд хүртээмжтэй байлгах үүднээс өрөөнүүдийн бүх хаягийг брайл үсгээр давхар бичжээ. Болзошгүй эрсдэлээс сэргийлэхийн тулд ариун цэврийн өрөөгөө дохиоллын системтэйгээр төлөвлөж. Мөн давхар хооронд шат бус, налуу зам тавьсан нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд саадгүй зорчих боломж бүрдүүлжээ.
Энэ нь A, В, C гэсэн гурван блокоос бүрдэнэ. Дотроо ганцаарчилсан уулзалтын, тоглоомын, харилцах чадвар хөгжүүлэх, мэдрэхүй, өдөр тутмын үйл ажиллагаа сайжруулах, гэр бүлтэй ярилцах, анхны тусламж үзүүлэх, сэтгэл зүйн зөвлөгөө өгөх, хүүхдийн хөдөлгөөн заслын зэрэг олон өрөөтэй. Мөн ийм бэрхшээлтэй иргэдийг хөдөлмөрт сургаж бэлтгэх зорилготой хүнд, хөнгөн ажиллагааны цех, портез, ортопедийн үйлдвэртэй. Орон нутагт ийм үйлдвэр байдаггүйгээс тулгуур эрхтний бэрхшээлтэй иргэд зөвхөн гутлын хэмжээ өгөх гэж л 800 орчим км зам туулан Улаанбаатарт очдог байсан бол одооноос ингэж цаг, мөнгөө гарздах шаардлагагүй болж байгааг төслийн зохицуулагч онцолсон юм. Хөвсгөл бусад аймагтай харьцуулахад хүн ам олонтой учраас хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тоогоороо ч дээгүүр ордог аж. Орон нутгийн удирдлагын өгсөн мэдээллээр аймгийн хэмжээнд ийм бүлэгт хамаарах 5400 гаруй хүн бий гэнэ. Эл төвийг ашиглалтад оруулснаар эдгээр иргэнээс гадна ойролцоох бусад аймаг, сумынхан ч шаардлагатай тусламж, үйлчилгээгээ ойроос авах боломж бүрдэх нь.
Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвийн дарга Ц.Оюун-Эрдэнэ “Ирэх сарын дундуур төвийнхөө үйл ажиллагааг нээж, анхны үйлчлүүлэгчдээ хүлээж авахаар зэхэж байна. Боловсон хүчин бэлтгэх ажил 50 хувьтай. Хүлээлт үүсгэхгүйн тулд, мөн чанартай, хүртээмжтэй үйлчилгээ үзүүлэх зорилгоор үйлчлүүлэгчдэд цаг олгохоор төлөвлөсөн” гэсэн юм.
ЭРЧИМ ХҮЧНИЙ ХАРААТ БАЙДЛААС АНГИЖРУУЛАХ СТАНЦ
Дулаан, таатай уур амьсгалтай газарт л нарны цахилгаан станц байгуулахад тохиромжтой гэсэн нийтлэг ойлголт, хандлагыг сөрсөн нэгэн томоохон бүтээн байгуулалтын ажил Хөвсгөл аймгийн Мөрөн сумд үргэлжилж байна. Энэ нь Говь-Алтай, Завхан, Хөвсгөл зэрэг алслагдмал бүс нутагт сэргээгдэх эрчим хүчний тархмал системийг хөгжүүлэх зорилготой “Сэргээгдэх эрчим хүчийг дэлгэрүүлэх төсөл”-ийн дэд төсөл юм. Төслийн хүрээнд нарны болон салхины эрчим хүчийг ашиглах цэнэгт хураагуурын дэвшилт технологи, эрчим хүчний удирдлагын систем бүхий нийт 40.5 МВт-ын хүчин чадалтай сэргээгдэх эрчим хүчний төвлөрсөн бус хангамжийн системийг Монгол Улсад хөгжүүлэх бол “Мөрөнгийн нарны цахилгаан станц” нь 10 МВт-ын хүчин чадалтай байх юм. Үүнийг Азийн хөгжлийн банкны 9.4 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлээр байгуулж буй.
Эрчим хүчний инженер, профессор Н.Энэбиш тус төслийн ач холбогдлын талаар “Мөрөн сум одоо болтол эрчим хүчний эх үүсвэргүй. Төвийн эрчим хүчний системээс хэрэглээгээ хангаж ирсэн бөгөөд үүнээс болж их хэмжээний алдагдал (Улаанбаатараас Мөрөн рүү татсан агаарын шугамаар дамжуулан) хүлээдэг. Харин энэ төслийн үр дүнд мөрөнчүүд бие даасан эх үүсвэртэй болоод зогсохгүй төвийн системд эрчим хүч нийлүүлэх боломж бүрдэх гэж байна. Өдрийн цагаар нарны цахилгаан станцаас хэрэглээгээ 100 хувь хангаж, шөнө нь төвийн эрчим хүчний системээс авч, илүүдэл нөөцөө төв рүү шилжүүлэх горимоор ажиллана. Энэ төслийн хүрээнд одоо байгаа “Мөрөн” дэд станцыг өргөтгөх, бүрэн автомат мэдээлэл, хяналтын системтэй болгох ажлыг хийнэ. Байгаль, цаг уурын хамгийн хүнд нөхцөлтэйд тооцогддог, их хэмжээний цас ордог сэрүүн бүс нутагт ч нарны цахилгаан станц байгуулж болдгийг энэ төсөл үлгэрлэнэ” хэмээн дурдлаа. “Сэргээгдэх эрчим хүчийг дэлгэрүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлснээр алслагдмал бүс нутагт амьдарч буй 260 мянган өрхийг цэвэр, найдвартай эрчим хүчний эх үүсвэрээр хангах бол Мөрөнгийн цахилгаан станц ашиглалтад орсноор 21 600 өрхийг “гэрэлтүүлэх” боломжтой гэж мэргэжилтнүүд тооцоолжээ.
Төслийн талбайд очиход шруф суулгах, нарны зай угсрах, хавтан суурилуулах ажил өрнөж байлаа. Эдгээр бүх ажлын гүйцэтгэл 50-иас дээш хувьтай байгааг мэргэжилтнүүд онцлоод ирэх сарын сүүлч гэхэд шахаж дуусгах төлөвлөгөөтэйгөөр хүн хүчээ нэмэгдүүлээд буйгаа хэллээ. Ховд аймгийн Мянгад сумд 10МВт-ын нарны цахилгаан станц барьсан “Смарт плас” компани тоног төхөөрөмж суурилуулах ажлыг гардан гүйцэтгэж байна. Тус компанийн ахлах инженер Э.Нарантогтох “Бид өмнө нь энэ чиглэлийн төсөлд гүйцэтгэгчээр ажиллаж байсан туршлагатай. Энэ удаа Монголд нэвтрээгүй тоноглолуудыг ашиглаж буйгаараа онцлог” гэж тодотголоо.
Импортын эрчим хүчнээс хэт их хамааралтай манай орны хувьд дэлхий нийтийн жишгээр сэргээгдэх эрчим хүчний “түншлэл”-д нэгдэж, байгалиас заяасан арвин их нөөцөөрөө алслагдмал бүс нутгийнхаа хэрэгцээг хангана гэдэг эдийн засаг, экологийн хувьд хэмжээлшгүй ач холбогдолтой билээ.
ОРОН НУТАГТ АНХДАГЧ, ЖИШИГ БАЙГУУЛАМЖ
Хог хаягдлаа ил задгай, замбараагүй хаяж байгаль орчин бохирдуулдаг явдал Хатгалд дуусгавар болох цаг айсуй. Ийм “шидтэй”, олон улсад загвар болсон дэвшилт шийдэл бүхий байгууламжийг ирэх сард ашиглалтад оруулах гэж байна. Үүнийг Азийн хөгжлийн банкны санхүүжилттэй “Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төсөл”-ийн хүрээнд Хөвсгөл аймгийн Ханх, Хатгал, Хэнтийн Дадал гэсэн аялал жуулчлалын гол бүс болсон, хөдөлгөөний ачааллаа дагаад хог хаягдал их хэмжээгээр төвлөрүүлдэг гурван газарт байгуулсны нэгтэй нь газар дээр нь танилцах боломж олдов. Хатгалын Харганын цэг гэж 30-40 жилийн хур хог төвлөрсөн, их хэмжээний бохирдолтой газар байх. Үүнийг нэг захаас нь цэвэрлэж, нөхөн сэргээгээд, хажууханд нь ландфилл байгууламж барьжээ.
Ландфилл байгууламжийн онцлог нь геомембран, геотекстиль материал ашиглан, хог хаягдлыг газрын хөрсөнд нэвчүүлэхгүй дарж булшилдаг технологи юм. Олон улсын шаардлагад нийцсэн энэ технологийг дэлхийн хөгжингүй, хог хаягдлын менежмент сайтай орнуудад ч ашигладгийг төслийн мэргэжилтнүүд дурдав.
Дахин боловсруулах боломжгүй хатуу, шингэн бүх төрлийн хаягдлыг энд хүлээж авах юм байна. 50 мянган шоо метрийн багтаамжтай байгууламжийг 20 жилийн хугацаанд ашиглах боломжтой гэж тооцжээ.
Төслийн гүйцэтгэгчээр ажиллаж буй “Хэмжилзүй” ХХК-ийн менежер Т.Цолмон “Энэ байгууламжийн үйл ажиллагааг хариуцлагатайгаар үргэлжлүүлэн авч явж чадвал бусад газарт жишиг болохуйц ач холбогдолтой” гэсэн бол хог хаягдлын менежментийн зөвлөх С.Аригуун “Сум, орон нутгийн хэмжээнд анх удаа дэвшилт технологи бүхий байнгын ажиллагаатай хог хаягдлын байгууламжтай болж байна. Энэ нь дахивар ангилах талбай болон хог хаягдлыг хэмжиж бүртгэдэг авто пүүтэй. Одоогоор нийслэлийн гурав, Налайх дүүргийн нэг хогийн цэгт л ийм пүү бий. Орон нутагт байхгүй” гэсэн юм. Үүний тусламжтайгаар хэн, хэзээ, хэчнээн тонн хог хаясныг тогтмол хянаж, бүртгэх аж. Ингэснээр орон нутгийн иргэд, аж ахуйн нэгжүүдийг хариуцлагажуулаад зогсохгүй оновчтой төлөвлөлт хийх нөхцөл бүрдэх давуу талтай. Өмнөх шигээ хэн дуртай нь хүссэн газраа хогоо хаяж, байгаль орчин бохирдуулах боломжгүй гэсэн үг. Үүнийг дагаад хогноос үүдэлтэйгээр хүний эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд үзүүлдэг сөрөг нөлөөллийг бууруулах, хаягдлыг эдийн засгийн эргэлтэд оруулж, байгалийн нөөц баялгийг хэмнэх боломжтой. Бохир ус цэвэрлэх болон хатуу хог хаягдлын ландфилл байгууламжийн ажил өдгөө 90 хувьтай, туршилт, тохиргоо үргэлжилж байна. Төслийн хүрээнд хог дарж булшлах байгууламж бариад зогсохгүй шаардлагатай машин, техник хэрэгслийг ч нийлүүлжээ. Мөн орон нутгийн хог хаягдлын менежментийн төлөвлөгөөг шинэчлэн боловсруулахаар төлөвлөжээ.
ХҮЛЭЭЛТ ДАГУУЛСАН ЗАМ
“Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төсөл” нь аялал жуулчлалыг хөгжүүлэх үндэсний загварыг бий болгох, тухайн орон нутгийн байгаль хамгаалал, аялал жуулчлал, эдийн засгийн асуудлыг цогцоор нь шийдвэрлэх үндсэн зорилготой юм билээ. Дээр онцолсон хог хаягдлын байгууламж бол үүний хүрээнд хэрэгжүүлж буй олон ажлын нэг нь л юм. Тодруулбал, төслийн хүрээнд Хөвсгөлийн улсын тусгай хамгаалалттай газарт хамгаалалтын захиргааны байр, жуулчны мэдээллийн төв, Хатгал тосгон болон Ханх сумд нийтийн зориулалттай ариун цэврийн байгууламж барихаар төлөвлөөд байна. Тэрчлэн Доод модот булан-Жанхайн даваа, Чөчү уулын чиглэлд 15 км явган болон морин аяллын зориулалттай жим барихаар төлөвлөжээ. Яг одоо гэхэд тус төслийн хүрээнд Хатгал-Жанхай-Тойлогт, Хатгал-Хүзүүвчийн шил чиглэлд 37.9 км зам тавих ажил үргэлжилж байна. Үүнтэй ч мөн газар дээр нь танилцав.
Хөвсгөл нуурын орчимд тавьж буй энэ чиглэлийн зам орон нутгийн иргэд төдийгүй аялагч, жуулчдын дунд хүлээлт үүсгээд буй юм. Тухайн орчноос үүсэж буй тоос, тоосонцор нуурт сөргөөр нөлөөлж, жуулчдад ч тав тухгүй нөхцөл үүсгэж байгааг байгаль орчны салбарынхан болон орон нутгийн иргэд хөндсөөр ирсэн юм. Тус хэсгийн замын ажил материалын нийлүүлэлтээс болж тодорхой хугацаанд саатсан гэсэн мэдээлэл ч түгээд байв. Тэгвэл төслийн ерөнхий гүйцэтгэгч “Бээжин юни констракшн групп Монголиа” ХХК-ийн захирал Лиу Вэй үүнд хариулт өглөө. Тэрбээр “Төслийг хэрэгжүүлж эхлэх үед цар тахал дэгдсэн нь бидний хувьд сорилт болсон. Мөн тухайн бүс нутгийн цаг уурын онцлогийг харгалзан, өөр улсад захиалгаар үйлдвэрлэдэг полимер битум ашиглаж байгаа нь нийлүүлэлт саатах шалтгаан болсон. Гэхдээ энэ асуудлаа шийдээд, материалаа захиалчихсан. Одоогийн байдлаар газар шорооны ажлын гүйцэтгэл 95 хувьтай байна. Энэ жилдээ боломжийнхоо хэрээр хучилтаа хийгээд, үүний үр дүнгээс хамааран цаашдын төлөвлөгөөгөө тодотгоно” гэсэн юм.
Хатгал-Жанхай-Тойлогт, Хатгал-Хүзүүвчийн шил чиглэл бол аялал жуулчлалын идэвхтэй бүс, гол маршрутуудын нэгээхэн хэсэг. Тэр хэрээр хөдөлгөөний ачаалал их. Тиймээс замын чанарыг энэ их ачаалалд нийцүүлэхээр төлөвлөснийг ерөнхий инженер Г.Чингэс хэлэв. Мөн Хатгал-Хүзүүвчийн шил чиглэлийн 5.5 км замд цэвдгийн гэсэлтээс сэргийлэх шинэ технологи буюу хязгаарлагч гео торлог, нэхмэл ашиглаж буйгаараа онцлог. Түүнчлэн авто замын олон улсын стандартын дагуу үерээс хамгаалах далан, зэрлэг амьтдад зориулсан гарц барихаар төлөвлөжээ.