2023-2024 оны өвлийн улирлын олон улс болон орон нутгийн нислэгийн цагийн хуваарийг баталсан талаар ИНЕГ-аас мэдээлэв. Тодруулбал, гадаад, дотоодын агаарын тээвэрлэгчдээс ирүүлсэн нислэгийн хүсэлтийг хэлэлцэн, өвлийн улирлын хуваарьт нислэгийн цагийн хуваарийг ирэх аравдугаар сарын 29-нөөс 2024 оны гуравдугаар сарын 30 хүртэлх хугацаанд баталсан аж. Нислэгийн цагийн хуваариар 2023-2024 оны өвлийн улиралд дотоод, гадаадын 14 агаарын тээвэрлэгчийн нислэгийг 19 чиглэлд төлөвлөжээ. Тэдгээр нислэгийн тоо нь цар тахлын өмнөх үе буюу 2019 оныхтой харьцуулахад 35.5, өнгөрсөн жилийнхээс 61.5 хувиар илүү гэнэ. Үүнээс МИАТ ТӨХК-ийн нислэг өмнөх оныхоос 133.3, “Аэромонголиа” ХХК-ийнх 13 хувиар өсөхөөр буй юм байна.
2023-2024 оны өвлийн улирлын нислэгийн төлөвлөлтийг 2022-2023 оныхтой харьцуулахад ОХУ-ын “Красавиа”, “Ираэро эйрланс”, БНСУ-ын “Чэжү эйр”, БНСВУ-ын “VietJet air” буюу Вьетнамын үндэсний авиа компани шинээр нэмэгдсэн аж. Мөн Вьетнамын НаТранг, БНХАУ-ын Манжуур, Хайлаарын чиглэлд шинээр нислэг үйлдэхээр төлөвлөжээ.
МИАТ ТӨХК нийт 10, үүнээс шинээр Хонконг, Бээжин, Пукет, Москва чиглэлд, “Хүннү эйр” ХХК нийт гурав, үүнээс шинээр Хайлаар, Манжуур чиглэлд нислэг үйлдэх нь. 2022-2023 оны өвлийн улиралд дээрх агаарын тээвэрлэгчид эдгээр чиглэлд нислэг үйлдээгүй гэнэ. Тэгвэл орон нутагт хоёр агаарын тээвэрлэгч нислэг үйлдэхээр төлөвлөсөн агаад МИАТ ТӨХК Дорнод, Ховд, Говь-Алтай, Увс, Завхан, Баян-Өлгий, Хөвсгөл, Өмнөговь аймгийн Даланзадгад, “Аэромонголиа” Баян-Өлгий, Ховд, Хөвсгөлийн чиглэлд нислэг үйлдэх аж.