Нийслэлийн Прокурорын газраас “Нүүрсний” гэх тодотголтой эрүүгийн хэрэгт холбогдуулан 11 хүнд яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 142 хавтас эрүүгийн хэргийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2023 оны наймдугаар сарын 04-ний өдөр хүлээн авсан. Улмаар тус хэргийн Урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдааныг яллагдагчдын өмгөөлөгч нарын хүсэлтээр 2023 оны наймдугаар сарын 30-ны өдрийн 14 цагт товлолоо.
Нүүрс олборлолт, экспорт, тээвэрлэлт, худалдан авах үйл ажиллагаатай холбоотой хэргийг шалгах, шийдвэрлэх ажлын хэсгийг 2022 оны арванхоёрдугаар сарын 5-ны өдөр байгуулсан.
Ажлын хэсэг нийт 61 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, нүүрс олборлолт, экспорт, тээвэрлэлт, олон улсын ачаа тээврийн “С” зөвшөөрөл олгох, нүүрс худалдах, худалдан авах үйл ажиллагаатай холбоотой хэргүүдэд улс төрд нөлөө бүхий 13, хил, гааль, авто тээврийн үндэсний төв, төрийн өмчит үйлдвэрийн газрын удирдах болон гүйцэтгэх албан тушаалтан 87, хувийн компанийн удирдах болон гүйцэтгэх албан тушаалтан, хувиараа нүүрс тээвэрлэдэг 35, гадаад улсын гурван иргэн нийт 138 хүнийг яллагдагчаар татаж, гэрчээр 12,994 хүнийг асууж мэдүүлэг авсан тухайгаа мэдээлж байв.