Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа, ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Э.Ганхүү нар холбогдох мэргэжилтнүүдийн хамт Хүүхдийн улсын төрөлжсөн асрамжийн газар болох “Өнөр бүл хүүхдийн төв”-ийн зуны зусланд очиж, зуслангийн барилга байшин, үйлчилгээ, нөхцөл байдал, хүүхдүүдийн байр байдал, тулгамдсан асуудалтай танилцаж ажиллажээ.
“Өнөр бүл хүүхдийн төв”-д 158 хүүхэд асрамж халамжийн үйлчилгээ авч байна. Ирээдүйд бие даан амьдрах дадал хэвшлийг бий болгох зорилгоор бүлийн зохион байгуулалт бий болгож, хамтдаа цайгаа бэлтгэх, бие бие ээ халамжлах анхаарах, төлөвшүүлэх бодлогыг үйлчилгээндээ баримталж байна.
Тус төвийн барилга байшин, орчин нөхцөлийг сайжруулахад чиглэсэн хөрөнгө оруулалт, төсөв хангалтгүй, зуны зусланд засвар огт хийгдээгүй зэрэг тулгамдсан асуудлаа танилцуулсан юм.
ХНХ-ын сайд Х.Булгантуяа, ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Э.Ганхүү нар мөн төвийн хүүхдүүдтэй уулзаж, санал хүсэлтийг сонссон. Хүүхдүүд хөл бөмбөг, загвар зохион бүтээх зэрэг дугуйлан секцэд хамрагдах хүсэлтэй байгаагаа түлхүү илэрхийлсэн. Тэдний хүсэлтийг харгалзан богино хугацааны олон төрлийн сургалтад хамруулах, багш урьж ажиллуулах, охидод гоо зүйн боловсрол олгох үүднээс гоо засалчдын мэргэжлийн баг урьж авчрахаа сайд амлалаа.