Энэ оны есдүгээр сарын 8-10-ны өдрүүдэд Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн ивээл дор төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын залуу офицеруудын чуулганыг зохион байгуулах бэлтгэл ажлууд хангагдаж, олон ажил, арга хэмжээг хэрэгжүүлсээр байна.
Мөн Монгол Улсын Зэвсэгт хүчин 2023 оныг "Залуу офицеруудын манлайллын жил болгож зарлаж, тусгай төлөвлөгөөний дагуу олон бүтээлч ажлыг өрнүүлээд буй.
Дээрх ажлуудын хүрээнд энэ сарын 21, 22-ны өдрүүдэд Батлан хамгаалах, Зэвсэгт хүчний тэргүүний залуу офицеруудын чуулганыг зохион байгуулж байна.
Чуулганы нээлтэд зориулсан ёслолын ажиллагаа өнөөдөр (8 дугаар сарын 21) Офицеруудын ордонд болж Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штаб, төрлийн цэргийн командлал, удирдах газрын удирдах албан тушаалтнууд болон Зэвсэгт хүчний тэргүүний залуу офицерууд оролцлоо.
Батлан хамгаалах, Зэвсэгт хүчний тэргүүний залуу офицеруудын чуулганыг нээж ЗХЖШ-ын дарга хошууч генерал С.Ганбямба үг хэлсэн ба тэрээр Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штаб, төрлийн цэргийн командлал, удирдах газар, тэдгээрийн харьяа нэгтгэл, анги, байгууллагынхаа төлөөлөл болсон залуу офицеруудад хандаж талархал дэвшүүллээ. Мөн тэрээр уг чуулганы явцад бүлгийн болон нэгдсэн хэлэлцүүлэгт идэвхтэй оролцож, тулгамдаж буй асуудлаа ярилцан чуулганаас гарсан уриалга, зөвлөмжийг үйл ажиллагааныхаа мөрдлөг болгохын хамт өөрийгөө бүхий л талаар хөгжүүлэн нийгэм, хамт олон, гэр бүлийн хүрээнд ямагт манлайлагч байхыг зөвлөв.
Уг чуулганд оролцсон залуу офицерууд чуулганы нээлтийн ёслолд оролцож, хүндэтгэлийн тоглолт болон Монгол цэргийн музейгээс дэлгэсэн үзэсгэлэнг үзэж сонирхсны зэрэгцээ Бүх цэргийн Их хар сүлдний өргөөнд морилж, Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний удирдах албан тушаалтнуудтай дурсгалын зураг татуулав.
Энэ үеэр Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд дэслэгч генерал Г.Сайханбаяр залуу офицеруудтай уулзаж, амжилт хүссэн юм.
Уг чуулган хоёр өдрийн турш Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвд үргэлжлэн явагдах ба чуулганы үйл ажиллагааг Батлан хамгаалах яамны Соёмбо редакцын хамт олон олон нийтэд сурталчлах болно.