Монгол Улсын Зэвсэгт хүчин, Канад Улсын Зэвсэгт хүчин хамтран “Цэргийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах” олон улсын сургалтыг Монгол Улсад 3 дахь жилдээ зохион байгуулж байна.
Сургалтад Монгол, Канад, Япон, Бангладеш, Индонез, Филиппин, Тайланд, Вьетнам зэрэг долоон орны 30 гаруй цэргийн сэтгүүлч, олон нийттэй харилцах ажилтнууд хамрагдаж байгаа бөгөөд наймдугаар сарын 21-25-ны өдрүүдэд ҮБХИС-ийн материаллаг баазыг түшиглэн явагдаж байна.
Сургалтын нээлтийн ажиллагаанд БХЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга хурандаа Р.Энхболд, Зэвсэгт хүчний Жанжин штабын орлогч дарга хурандаа Т.Галбадрах, Канад Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Катрине Ивкофф нарын оролцов. Хурандаа Т.Галбадрах хоёр улсын Зэвсэгт хүчин хамтран 2016, 2018 онуудад энэхүү сургалтыг зохион байгуулсан, цар тахлын дараа анх удаа сэргээн явуулж буйгаараа онцлог гээд сургалтыг зохион байгуулахад бүх талын дэмжлэг үзүүлж, сургагч багшаар хангаж буй Канад Улсын Зэвсэгт хүчний зохион байгуулагч талд талархал илэрхийллээ.
Элчин сайд Катрине Ивкофф Монгол, Канад Улсын харилцаа, хамтын ажиллагаанд Зэвсэгт хүчин тэргүүлэх үүрэгтэй байдгийг онцолж, цэргийн сэтгүүлчдээр тогтохгүй бусад мэргэжлийн алба хаагчдыг чадавхжуулах олон талын сургалтыг хамтран зохион байгуулж ирснийг тодотгов. Нөгөө талаар Монгол Улсын Зэвсэгт хүчний энхийг дэмжих ажиллагаа дахь оролцоо, үүрэг гүйцэтгэл өндөр байдаг учраас хамтран сургалт, дадлагыг зохион байгуулах хүсэл сонирхолтой байдгаа илэрхийллээ.
Ташрамд дурдахад, цэргийн сэтгүүлчдийг чадавхжуулах энэхүү олон улсын сургалт нь Канад Улсын Үндэсний Батлан хамгаалахын цэргийн сургалт, хамтын ажиллагааны газрын санхүүжилтээр зохион байгуулагдаж байна.