Энэ оны зургаадугаар сард Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаярын санаачилгаар "Батлан хамгаалах, Зэвсэгт хүчний офицерын бүрэлдэхүүний манлайлах ур чадварын тулгамдсан асуудал, шийдэл" сэдэвт онол, практикийн хурлыг зохион байгуулах шийдвэр гаргасан.
Уг хурлыг угтсан ажлын хүрээнд өмнөх саруудад хоёр үе шаттайгаар эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулсан ба эхний шатанд Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиудын түвшинд эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулж, шилдэг илтгэлүүдийг хэлэлцүүлсэн юм.
Харин дараагийн шатны эрдэм шинжилгээний хурлыг Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штаб, төрлийн цэргийн командлалын түвшинд зохион байгуулсан ба одоогоор шилдэг илтгэлүүдийг шалгаруулаад байна.
Уг онол, практикийн хурлыг 9 дүгээр сарын сүүлийн 10 хоногт зохион байгуулах ба уг хурлын үндсэн зорилго нь Батлан хамгаалах, Зэвсэгт хүчний хөгжилд цэргийн алба хаагч, офицеруудын манлайллын байдалд шинжилгээ хийж, тэдний манлайллыг сайжруулахад дэмжлэг үзүүлэхэд чиглэгдэх юм.
Өнөөдөр уг хурлыг зохион байгуулах ажлын хэсгийн хуралдаан болж хурлыг Батлан хамгаалахын дэд сайд, ажлын хэсгийн дарга Б.Баярмагнай удирдав.
Хурлаар онол, практикийн хурлын хөтөлбөр болон бусад зохион байгуулалтын асуудлыг хэлэлцсэн ба үндсэн 2, хавсралт 10 илтгэлийг хэлэлцэхээр шийдвэрлэв.
Онол, практикийн хурлын бэлтгэлийг сайтар хангах, оролцогчдын хүрээг тэлэх, хурлаар хэлэлцүүлэх илтгэлүүдийг эмхэтгэл болгон олны хүртээл болгох, хурлыг хэвлэл мэдээллээр иргэд, цэргийн алба хаагчдад түгээх асуудалд онцгой анхаарах зэрэг асуудлаар ажлын хэсгийн дарга, гишүүд санал солилцож, нэгдсэн ойлголтод хүрлээ.
Эх сурвалж: Хурандаа Б.Отгонбаяр