Малайз Улсын Үндэсний Батлан хамгаалах хүчний Энхийг сахиулах ажиллагааны сургалтын төвд зохион байгуулагдах “KERIS AMAN-23” Олон улсын энхийг дэмжих ажиллагааны сургуулийн нээлтийн үйл ажиллагаа 2023 оны 8 дугаар сарын 13-ны өдөр болсон байна.
Энэтхэг, Номхон далайн бүс нутгийн орнуудын цэргийн хамтын ажиллагаа, илтгэлцлийг бэхжүүлэх, энхийг сахиулах ажиллагааны чадавхыг нэмэгдүүлэх зорилгоор АНУ-ын Энэтхэг-Номхон далайн цэргийн командлал, “Дэлхийн энхийн төлөөх хөтөлбөр” байгууллага, Малайз улсын Зэвсэгт хүчин хамтран зохион байгуулж байгаа тус сургуульд Австрали, Канад, Япон, Монгол, Непал, Шинэ Зеланд, БНСУ, Тайланд зэрэг 20 орны 820 орчим цэргийн алба хаагчид оролцож байгаа аж.
Уг олон улсын сургуулийн хүрээнд Штабын дадлага, сургалт, Чадавхыг нэмэгдүүлэх сургалт, Салаадын хээрийн сургууль гэсэн 3 үндсэн сургууль явагдах ба сургууль энэ сарын 26-ны өдөр хүртэл үргэлжлэх болно.
Монгол Улсын Зэвсэгт хүчнээс энэхүү олон улсын энхийг сахиулах ажиллагааны сургуульд штабын сургалтад багшаар 2, оролцогчоор 4, Чадавхыг нэмэгдүүлэх сургалтын хүрээнд явагдах “Жендэр ба төлөвлөлт” сургалтад 2, салаадын хээрийн сургуульд хичээлийн цэгийн багшаар 2, мотобуудлагын салааны бүрэлдэхүүнд 28 цэргийн алба хаагч оролцож байгаа талаарх мэдээллийг ахмад Л.Болормаа бидэнд ирүүллээ.
Эх сурвалж:Хурандаа Б.Отгонбаяр