Монгол Улсын баатар Л.Даваадоржийн нэрэмжит Хилийн цэргийн 0257 дугаар ангийн хамт олон Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газар, Цэргийн штабтай хамтран “Орон нутгийн хамгаалалтын томилгоот нэгжийн хээрийн дадлага, сургалт”-ыг тус аймгийн Баянзүрх сумын нутаг дэвсгэрт Арбулаг, Алаг-Эрдэнэ, Хатгал, Улаан-Уул, Баянзүрх сумдын удирдлагууд, томилгоот бүрэлдэхүүнийг хамруулан зохион байгууллаа.
Хөвсгөл аймгийн Баянзүрх сум нь хилийн сум бөгөөд энэхүү сургалт нь батлан хамгаалах болон улсын хил хамгаалалтын талаар баримтлах бодлого, хууль тогтоомжийг сурталчлах, “Орон нутгийн хамгаалалтын тухай” хуулийн хэрэгжилтийг хангаж, орон нутгийн томилгоот нэгжийн бүрэлдэхүүнд хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэх, төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын хамтран үүрэг гүйцэтгэх чадвар, харилцан ажиллагааг дээшлүүлэх, томилгоот иргэдийн мэдлэг, дадлага, ур чадварыг дээшлүүлэхэд чиглэсэн юм.
Энэ удаагийн хээрийн дадлага, сургалт нь анх удаа зохион байгуулагдаж байгаа ба сургалтад Хөвсгөл аймгийн Засаг дарга П.Лхагважав, Батлан хамгаалах яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын Орон нутгийн хамгаалалт, улсын дайчилгааны хэлтсийн дарга, хурандаа Д.Энхсайхан, Зэвсэгт хүчний Жанжин штабын газрын дарга, бригадын генерал Б.Баатар нар болон Хилийн цэргийн 0257 дугаар анги, Хөвсгөл аймгийн Цэргийн штаб, Онцгой байдлын газар, Цагдаагийн газар, Зэвсэгт хүчний 321 дүгээр салбарын алба хаагчид тус тус оролцлоо.