Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад явагдаж буй НҮБ-ын “UNMISS” энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж буй Монгол Улсын Зэвсэгт хүчний XII ээлжийн цэргийн баг нийгмийн хариуцлага, иргэн-цэргийн харилцааг өргөжүүлэх ажлын хүрээнд дотоодын дүрвэгсдийн хуаранд 17-21 насны 16 иргэнийг сонгон гагнуурын сургалтыг зохион байгууллаа.
Сургалтад хамрагдсан иргэд гагнуурын мэргэжил эзэмшсэнээр ажлын байртай болж амьдрал ахуйгаа дээшлүүлэхэд чухал ач холбогдолтой юм.
Энэхүү сургалтын төгсгөлд суралцагчдад сертификат /гэрчилгээ/ гардуулан өгч цаашид дээрх суралцагч нарт гагнуурын аппарат, шаардагдах багаж, хэрэгслээр хангуулах санал тооцоог бэлтгэн Секторын штабт хүргүүлээд байна.
Сургалтыг удирдан явуулахад сургагч багш болон хамгаалалт, тээвэрлэлт, сурталчилгааны үүргийг гүйцэтгэсэн 50 гаруй цэргийн алба хаагч оролцсон нь Монгол Улсын цэргийн багийн энхийг бүтээн байгуулалтад оруулж буй онцгой хувь нэмэр хэмээн орон нутгийн удирдлага, секторын штабаас талархал илэрхийлсэн юм.
Эх сурвалж: Ахлах дэслэгч Л.Түмэндэлгэр