“Монголын эдийн засгийн чуулган 2023” хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Тус өдрийн нэгдсэн хуралдаанаар Хөрөнгө оруулалтын орчин, боломжуудыг хэлэлцэж байгаа юм. Монголд гадаадын хөрөнгө оруулалтыг татахын тулд макро эдийн засгийн нөхцөл, бизнесийн боломж, бодлогын чиглэлд Засгийн газраас онцгой анхаарч, эрхзүйн зохицуулалт хийхээс гадна Гадаадын хөрөнгө оруулалтын агентлагыг байгуулсан. Монголын эдийн засгийн чуулганд оролцож байгаа 500 гадаадын зочид, төлөөлөгчдөд хууль эрхзүйн орчины шинэчлэлийг танилцуулж байна. Гадаадын хөрөнгө оруулалтын агентлагыг байгуулснаар хөрөнгө оруулалтыг дэмжих, хөрөнгө оруулалт татах, хөрөнгө оруулагчдын эрхийг хамгаалах, нэг цонхны үйлчилгээ үзүүлэх, экспортын чиглэлд түлхүү анхаарч ажиллах юм.
Мөн гадаадын хөрөнгө оруулалтыг банк, сэргээгдэх эрчим хүч, аялал жуулалчлал, худалдааны чөлөөт бүс, дэд бүтэц, хөдөө аж ахуй, уул уурхайн салбарт татан, төвлөрүүлэх боломжтойг албан ёсоор зарлалаа.
Гадаадын хөрөнгө оруулагчдад ээлтэй хууль эрхзүйн орчныг бүрдүүлэхээр Засгийн газраас Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийг санаачилж, УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэж, дэмжжээ. Тиймээс намрын чуулганаар оруулж ирэхээр төлөвлөж байна. Дээрх хуулийн төсөлд найман чухал шинэчлэлийг хийхээр зорьжээ. Үүнд, хөрөнгө оруулагчдын гомдлыг шийдвэрлэх тогтолцоог нэвтрүүлэх, хуулийн болон эрхзүйн орчины тогтвортой байдал, олон улсын арбитрын шүүхээр гомдлоо шийдвэрлүүлэх эрх, хөрөнгө оруулагчдыг хамгаалах, дэмжих үүргийг төрийн байгуулагын чиг үүрэгт оруулж өгөх, татварын урамшууллыг Татварын хуулиар зохицуулах, төрөөс хийх хяналт шалгалтын давхардлыг арилгах, тогтворжуулах гэрчилгээг хялбаршуулах асуудлыг оруулж өгчээ.