Өнөөдөр Төрийн ордонд “Монголын Эдийн засгийн форум-2023” эхэллээ. “Welcome to Mongolia” уриан дор болж буй энэ удаагийн чуулганд нийт 1700 орчим зочин төлөөлөгч оролцож байгаагаас 500 гадаадын зочин, төлөөлөгч ирсэн байна.
Чуулганыг Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нээж, үндсэн илтгэлийг УИХ-ын дарга Г.Занданшатар тавилаа. Мөн хүндэт зочны илтгэлийг АХБ-ны дэд ерөнхийлөгч Ашок Лаваса тавьсан юм. Ийнхүү чуулганы нэгдсэн хуралдаан “Монгол Улсын тогтвортой хөгжлийн бодлого” сэдвээр эхэллээ.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “УИХ-ын хаврын чуулганаар Үндсэн хуулинд өөрчлөлт оруулж, парламентын төлөөллийн чадамжийг нэмэгдүүлж, сонгуулийн холимог тогтолцоог Үндсэн хуульд тусгаж чадсанаар Монгол Улсын бодлого илүү тогтвортой, залгамж чанартай болж, хөрөнгө оруулалтын орчин шинэ түвшинд гарах эрх зүйн суурь реформ хийгдсэн гэж дүгнэж болно. Монгол Улс хөгжлийн бодлого төлөвлөлтөө урт хугацаагаар харахыг эрмэлзэж, “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогыг батлан хэрэгжүүлж байна. Энэ нь сонгуулийн үр дүнгээс хамаарч, төрийн бодлогын залгамж чанар алдагдаж, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдад хүндрэл учруулдаг эрсдлийг үе шаттайгаар бүрэн шийдвэрлэх зорилготой. Мөн Эдийн засаг, хөгжлийн яам болон Гадаадын хөрөнгө оруулалтын агентлаг байгуулагдсанаар хөрөнгө оруулагчдад нэг цонхоор нэгдсэн ойлголт өгөх, шуурхай, цогц үйлчилгээг нэвтрүүлэх, хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах нэгдсэн тогтолцоонд шилжсэн. Энэ удаагийн форумаар далайд гарцгүй улс орнуудыг нэгтгэж, нэг тавцанд гарган, далайд гарцгүй орнуудын тээвэр, логистиктой холбоотой асуудлыг хэлэлцэн лобби хийж буй гэж ойлгож байна. Форумыг ийм ч уриатай зохион байгуулж байна. Гадаадын зочид төлөөлөгчдийн тоо болон түвшин өмнөх жилүүдээс өндөр байгааг та бүхэн харж байгаа байх. Энэ нь нэг талаар манай улсын Үндэсний баяр наадамтай давхцаж буйтай холбоотой. Нөгөө талаар Монгол Улсын эдийн засгийн макро түвшин тэнцвэржиж байгаа нь хөрөнгө оруулагчдыг сонирхлыг татаж байна” хэмээн “Монголын Эдийн засгийн форум-2023”-ын нээлтийн үеэр онцоллоо.
Энэ удаагийн форум Монгол Улсын эдийн засаг өсөх хүлээлт дор зохион байгуулагдаж байна. Дэлхий нийтийг хамарсан "Ковид-19" цар тахлын дараах Монгол Улсын эдийн засгийн хурдацтай өсөлтийг ч мөн онцоллоо. 2022 онд Монголын эдийн засаг таамаглаж байсан 4 хувиас өндөр өсөлтийг үзүүлсэн бол 2023, 2024 онд өндөр өсөлт үзүүлэх эерэг таамаглалыг дэвшүүлээд байна.
УИХ-ын дарга Г.Занданшатар “Хаврын чуулганаар эдийн засгийн гурван багц хуулийг баталлаа. Үүнд, Гадаадын хөрөнгө оруулалтын орчны шинэчлэл, эдийн засгийг тогтворжуулах-төрөлжүүлэх, либериалчлал буюу төр хувийн хэвшлийн оролцоог тэнцвэржүүлэх, тэр дундаа хувийн хэвшлийг дэмжих асуудлыг оруулж өгсөн. Ингэснээр хүчтэй ардчилал, хүртээмжтэй эдийн засаг, хөрөнгө оруулалтын ээлтэй орчин бүрдүүлэх эрхзүйн орчин хангагдсан гэж үзэж байна. Монгол Улсын хөгжлийн бодлого тогтворжиж, залгамж халаатай байж, ямар ч нам төрийн эрх барьсан нэгдсэн бодлого үргэлжилдэг байх нөхцөл бүрдсэн” хэмээн үндсэн илтгэлдээ онцоллоо.
1992-2017 оын хооронд 14 Засгийн газар байгуулагдаж, 250 сайдын нүүр үзжээ. Үүнээс Төрийн бодлого тогтворгүйн дээр аль нам төрийн эрхийг барихаас шалтгаалж, тухай бүрт бодлого өөрчлөгдөж ирсэн. Харин 2019 онд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулснаар парламент дахь иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, улс төрийн намуудын олон ургалч үзлийг барих чиглэлд анхаарсан заалтуудыг оруулж өгсөн гэдгийг “Монголын эдийн засгийн форум 2023”-аар онцолж байна.
АН-ын дарга Л.Гантөмөр “Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд пропорциональ системийг 40 хувьтай байхаар оруулж өгсөн. Ингэснээр улс төрийн намууд анх удаа тогтвортой бодлого хэрэгжүүлэх нөхцөл бүрдсэн гэж харж байна. Халамжаас татгалзаж, тогтвортой хөгжлийн шинэ платформ ашиглах цаг ч ирсэн. Үүнд, төсвийн тогтвортой бодлого, хөрөнгө оруулалтын ухаалаг гарц, сонгуульд мөнгө амладаг биш бодлого ярьдаг механизмыг хэрэгжүүлэх асуудал байна” гэлээ.
Монгол Улсын Засгийн газар авлигатай тэмцэх цогц хөтөлбөрийг зарлаж, төрийн мэдээллийг ил тод болгож, төрийн 71 байгууллагын 839 үйлчилгээг цахимжуулсан “E-Mongolia” платформыг нэвтрүүлсэн. Энэ нь төрийн үйлчилгээг хилийн чанадаас ч шуурхай авах боломжийг бүрдүүлэх томоохон реформ юм. 2022 онд Монгол Улс Цахим засаглалын хөгжлийн индексээр өмнөх оныхоос 18 байр урагшилж, 193 орноос 74-т эрэмбэлэгдлээ. Нэг үгээр хэлбэл, нэг жилийн өмнө зохион байгуулсан “Эдийн засгийн форум-2022”-оос дэвшүүлсэн 10 зөвлөмжид тусгасныг хэрэгжүүлжээ.
ХҮН намын дарга Т.Доржханд “Монголын төрд тойргоо усалдаг систем 30 жил явж ирсэн. УИХ-ын гишүүдийн тоог 126 болгож, үүнээс 40 хувийг пропорциональ системээр сонгоно. Энэ нь сонгуулийн тойрог тойрсон асуудалд цэг тавьж байгаа нэг арга. Ингэснээр төсөв алдагдалтай гарах, гадаад өр өсөх, зээлжих зэрэглэл буурах зэрэг төсвийн тогтворгүй байдал шийдвэрлэгдэнэ гэж харж байна” гэлээ.
ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан “Нэг нам дангаар төрийн эрх барьснаар бодлого тогтворжсон уу гэх асуулт гардаг. Өнөөдрийг хүртэл нийгэмд үүссэн алдаа дутагдал юу байв гэдгийг дүгнээд, Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, Улс төрийн намын тухай хууль, Сонгуулийн тухай хуулийг өөрчиллөө. Ингэснээр 18 жилийн дараа анх удаа Улс төрийн намын тухай хуульд өөрчлөлт оруулсан. Мөн парламент дахь олон намын оролцоог хангах, олон ургалч үзлийг бүрдүүлэх асуудалд анхаарлаа хандууллаа. Монголын эдийн засгийн 75 хувь нь төрийн оролцоотой байна. Энэ бүгдийг шийдвэрлэх шинэчлэл хийсэн” гэлээ.
“Монголын эдийн засгийн форум 2023”-аар хэлэлцүүлж, хөрөнгө оруулагчдад өгөх гол мессеж нь Төрийн тогтвортой бодлого хэрэгжүүлэх нөхцөл бүрдсэн гэдгийг илэрхийлж байна. Чуулганаар Хөдөлмөрийн зах зээл, Цахим шилжилт-цахим эдийн засаг, эдийн засгийн чөлөөт бүс, хөдөө аж ахуйн хөрөнгө оруулалт, хүнсний үйлдвэрлэл, аялал жуулчлал, ашигт малтмалын салбар, эрчим хүчний шинэ эх үүсвэр, банк санхүү, хөрөнгийн зах зээл, ногоон хөгжил, далайд гарцгүй орон зэрэг асуудлаар 2 өдрийн туршид хэлэлцүүлэг хийнэ.