АНУ-ын инфляцын үзүүлэлтийг энэ долоо хоногт танилцуулах бөгөөд таамагласнаас өндөр гарч магадгүй гэх хүлээлтээс үүдэн ам.долларын ханш баасан гарагт чангарчээ. Ингэснээр голлох зургаан валютын эсрэг ам.долларын ханш хоёр долоо хоног чангарсан аж. Энэ нь өнгөрсөн аравдугаар сараас хойш уг мөнгөн тэмдэгтийн ханш хамгийн удаан хугацаанд тасралтгүй өссөн гэсэн үг. Тодруулбал, ам.долларын индекс 0.4 хувиар өсөж 103.55 болсныг “Reuters” дамжуулав. Баасан гарагт ам.доллар 131.3 иен, 6.81 юань, 1264 вонтой тэнцэж байлаа. Ташрамд дурдахад, дотоодын зах зээлд буюу төгрөгийн эсрэг ам.долларын ханш өмнөх долоо хоногт тогтвортой байсан юм.