Завханы улаан хальст саримсны үнэ тэнгэрт хаджээ. Импортын буюу энгийн саримс кг нь 8000-12 000 мянган төгрөгийн ханштай байгаа бол тус төрлийнх үүнээс 11-12 дахин өндөр үнэд хүрчээ. Тодруулбал, нийслэлийн зах, худалдааны төвүүд, хувь хүмүүс нэг кг улаан саримсыг 90-120 мянган төгрөгөөр борлуулж байна.
Саримс нь найрлагадаа A, B, C бүлгийн олон төрлийн аминдэм, эрдэс давс, органик хүчил, нүүрс ус зэрэг хүний биед хэрэгцээтэй шимт бодис агуулдаг учир элдэв бактери, вирус устгах, дархлаа дэмжих үйлчлэлтэй байдаг. Тиймээс энэ төрлийн бүтээгдэхүүнийг дэлхий нийт хүнс, эмчилгээ, гоо сайхны зориултаар өргөн ашигладаг. Тэгвэл Завханы гэх тодотголтой улаан хальст саримсны гол онцлог нь шимт бодисын агууламж илүү өндөр, антиоксидантаар баялаг гэнэ. Үүнийг шинжлэх ухааны судалгаагаар тогтоожээ.
Улаан саримсыг Улиастай сумын Жинст багийн ногоочдын хэсэг Алдархаанаас нутагшуулан тариалж эхэлсэн түүхтэй аж. Албан ёсны нэр нь улиастай сортын улаан хальст саримс юм байна. Жинст багийн ногоочин Б.Алдараа “Улаан саримс бол манай аймгийн брэнд бүтээгдэхүүн. Сүүлийн жилүүдэд эрэлт нь эрс нэмэгдсэн. Ялангуяа коронавирус дэгдсэнээс хойш саримсны хэрэглээ өссөн. Энд яг одоо кг-ыг нь 50-60 мянган төгрөгөөр худалдаж байна. Хотын ногооны ченж нар жилийн жилд бөөндөж аваад, өндөр үнээр зардаг. Эндхийн үнээр авъя гэсэн хүмүүс бидэнтэй холбогдож, орон нутгийн автобусанд дайлгах нь бий. Улаан хальст саримс час хийсэн амттай, маш их аагтай. 1-2 хумс нь энгийн саримсны 4-5 хумстай дүйдэг. Тиймээс хэмнэлттэй. Нэг кг-ыг авчихсан байхад жилийн хэрэглээгээ даадаг. Ханиад, томууны улирал, мөн Цагаан сар болох гэж буй гээд үнийг нь бүр ч нэмсэн бололтой” гэж ярив.
Ногооны ченж нар, худалдаачид импортын саримсыг Завханы улаан хальст хэмээн иргэдэд өндөр үнээр зарах тохиолдол цөөнгүй гардгийг тэрбээр хэлсэн юм. Энэ төрлийн саримс удах тусам хальс нь цайрч өнгөгүй болдог учраас ялгахад бэрх аж. Гол шинж тэмдэг нь давжаа буюу жижиг ширхэгтэй байдаг гэнэ. Мөн цоргисон, хурц аагаар нь таних боломжтой.
Бэлтгэсэн Н.Мишээл