Улсын хэмжээнд инфляцын түвшин өнгөрсөн нэгдүгээр сард 12.3 хувьтай гарчээ. Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өмнөх жилийн мөн үеийнхээс 12.3 хувиар өсөхөд хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ 14, согтууруулах ундаа, тамхины бүлгийнх 8.7, хувцас, бөс бараа, гутлын бүлгийнх 15.6 хувиар нэмэгдсэн нь голлон нөлөөлсөн аж. Мөн орон сууц, ус, цахилгаан, хийн болон бусад бүлгийн үнэ 14.6, эм, тариа, эмнэлгийн үйлчилгээнийх 12.2, тээврийн бүлгийнх 8.1 хувиар өссөн нь нөлөөлснийг Үндэсний статистикийн хорооноос мэдээлэв. Инфляц нэгдүгээр сард өмнөх сараасаа 1.2 хувиар өссөн бөгөөд үүнд хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 2.2, согтууруулах ундаа, тамхины бүлгийнх нэг, хувцас, бөс бараа, гутлын бүлгийнх 0.9 хувиар дээшилсэн нь голлон нөлөөлснийг мөн дурдлаа. Түүнчлэн тээврийн бүлгийн үнэ дүнгээрээ 0.3, даатгал, санхүүгийн үйлчилгээнийх 6.7 хувиар нэмэгдсэн нь нөлөөлсөн гэнэ. Сонирхуулахад, хэрэглээний бараа, үйлчилгээний сагсанд нийт 410, Улаанбаатар хотын хэмжээнд 404 нэр, төрлийн бараа, үйлчилгээний үнийг судалдаг. 410 нэр, төрлийн бараа, үйлчилгээний 221 нь импортынх байгаа нь нийт жингийн 46 хувийг эзэлж буй аж.
Бэлтгэсэн Б.Сонор