Зэсийн хамгийн том хэрэглэгч БНХАУ-д цагаан сарын амралт болсонтой холбоотойгоор зах зээл дэх эрэлт, худалдаа багассан ч нийлүүлэлтийн таамагтай холбоотойгоор уг таваарын үнэ өсжээ. Томоохон үйлдвэрлэгч Чили, Перугийн нийлүүлэлт тасалдаж магадгүй хэмээн зах зээлд оролцогчид таамаглаж буй юм. Ам.долларын ханш суларч, урд хөрш цар тахалтай холбоотой хязгаарлалтаа цуцалснаас шалтгаалж зэсийн эрэлт нэмэгдэнэ гэсэн хүлээлт үүссэн бөгөөд өнгөрсөн арваннэгдүгээр сараас хойш эл металлын үнэ 20 гаруй хувиар өссөнийг “Reuters” дурджээ. Баасан гарагт тонн зэсийн ханш 9345 ам.доллартой тэнцсэн нь долоо хоногийн өмнөхөөс 1.24 хувиар дээшилсэн үзүүлэлт боллоо. Мөн Лондоны металлын биржид гурван сарын дараа нийлүүлэх тонн зэсийн үнэ 0.5 хувиар нэмэгдэн 9358 “ногоон”-той тэнцжээ.
Бэлтгэсэн Б.Сонор