Швейцарт өнгөрсөн баасан гарагт өндөрлөсөн Давосын эдийн засгийн чуулганы үеэр “Eurasian resources group”-ийн гүйцэтгэх захирал Бенедикт Соботка “Эрчим хүчний технологийн шилжилттэй холбоотойгоор зэсийн эрэлт нэмэгдэж, нийлүүлэлт нь багасан, энэ жил үнэ нь өсөх төлөвтэй хэмээн “Reuters” агентлагт ярьсныг өнгөрсөн баасан гарагт дамжууллаа. Зай хураагуур, цахилгаан автомашин, сэргээгдэх эрчим хүчний тоног төхөөрөмж үйлдвэрлэх зэрэгт зэс ашигладгийг тэрбээр дурдаад, эл металлын ханш энэ жил 10-20 хувиар өснө хэмээн таамаглаж буйгаа тодотгожээ. Сонирхуулахад, олон улсын зах зээлд тонн зэсийн үнэ 9230 ам.доллартой тэнцлээ. Энэ нь өнгөрсөн жилийн эцсийнхээс гэхэд 900 орчим “ногоон”-оор илүү дүн юм.