Монголын Урчуудын Эвлэл үүсэж хөгжсөний 80 жилийн ой ажлын хүрээнд уран бүтээлч Пүрэвийн ГАНБАТ “ЧИХЭН ДОТОРХ НҮД” бие даасан үзэсгэлэнгээ дэлгэжээ. Уран бүтээлчийн хувьд өнөөгийн нийгэм, хүн хоорондын харилцаа, тэр дундаа сошиал ертөнцөд харагдах мэт худал мэдээлэл, хувь хүний амьдрал уруу өнгийх хулгайн сэдэл, үнэн бус үгнээс айн амьдрах өнөөдөр, маргаашийг сайхнаар ярих хүмүүсийн худал үгс, хийж бүтээсэн юмстай хүмүүсийн дуугүй байх ертөнцийг мэдэрснээ ийн дүрсэлжээ.
...ЭНЭ БОЛ ЧИХЭН ДОТОРХ НҮД ... мэт.
Тухайлбал, түүний "Нуугдсан нуугдмал" орон зайн уран сайхны бүтээл нь хүн төрөлхтний өмнө тулгамдаж буй асар том асуудал болох эрүүл байгальд ямар ч баталгаа байхгүй тухай өгүүлдэг. Монгол Улсын сүүлийн 20 гаруй жилийн турш хамгийн их яригдаж байгаа байгаль орчныг хамгаалах, ойн хомсдол, уул уурхай, усны хомсдол зэрэг нь бидний газар шорооны төлөө ханаж цаддаггүй шуналтай нягт холбоотой. Шуналаас үүдэлтэй гэм нүгэл бүрийг олсоор боож боосон дээрэмчидтэй зүйрлэж болно.
П.Ганбат Улаанбаатар хотын “Ногоон морь” урлагийн коллеж, “Анима” арт дизайн сургууль, МУБИС-д уран зургийн чиглэлээр суралцсан. Берлин дэх Хумболдтын их сургуульд урлагийн түүхийн чиглэлээр сурч, төгссөн байна. Үзэсгэлэнд ДАКА Биенналед оролцож байсан бүтээлээс гадна өрөг, баримал , фото инсталяци зэрэг чөлөөт ажлаас бүрдсэн шинэ 10 гаруй бүтээлүүд тавигджээ.