Монголын уран зургийн галерейд Төрийн шагналт, уран барималч Ц.Амгалангийн “Тэмүүлэл” уран бүтээлийн үзэсгэлэнг дэлгэхээр болжээ. Тус галерейн сан хөмрөгт орчин үеийн дүрслэх урлагийн сор болсон 4000 орчим уран бүтээл хадгалагддаг. Тэдгээрийн дотор алтан үеийн буюу ахмад уран бүтээлчдийн бүтээл хүндтэй байр суурь эзэлдэг билээ. Монголын орчин цагийн дүрслэх урлагийг хөгжүүлэх, улсын сан хөмрөгийг баяжуулах, хойч үеэ урлагаар дамжуулан сурган хүмүүжүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж буй зураачдын дахин давтагдашгүй сор бүтээлийг сурталчлан таниулах зорилготой арга хэмжээг тус галерейгаас 2019 оноос хойш зохион байгуулж буй. Үүний хүрээнд ахмад уран бүтээлчдийн нийт зургаан удаагийн үзэсгэлэн дэлгэжээ. Уг үйл ажиллагааг үргэлжлүүлэн “Тэмүүлэл” үзэсгэлэнг энэ сарын 9-20-нд зохион байгуулахаар болсон аж.
Ташрамд дурдахад, Уран баримлын нэгдлээс Монголын урчуудын эвлэл байгуулагдсаны 80 жилийн ойн хүрээнд “Уран баримал-2022” үзэсгэлэнг санаачлан зохион байгуулна. Эл үзэсгэлэн энэ сарын 9-нд “Монументаль” арт галерейд болно.
Бэлтгэсэн А.Хангал