Узбекистаны Ташкент хотод жүдо бөхийн ДАШТ үргэлжилж байна. Тус тэмцээнд өрсөлдсөн манай бөхчүүдээс Ц.Цогтбаатар -73 кг-ын жинд дэлхийн аварга боллоо. Монголын жүдочдоос ийнхүү тав дахь дэлхийн аварга цолтон төрөв. Үүнээс өмнө Х.Цагаанбаатар, М.Уранцэцэг, Г.Болдбаатар, Д.Сумъяа нар дэлхийн аварга болж байлаа. Ц.Цогтбаатар аваргын төлөөх өрсөлдөөнд 2017 оны ДАШТ-ий алт, “Токио-2020” олимпын хүрэл медальт, Японы бөх Соичи Хашимотог ялав. Хагас шигшээд Италийн бөх, Европын аварга, өнгөрсөн жилийн ДАШТ-ий мөнгөн медальт М.Ломбардог буулган авсан юм.
Манай тамирчдаас мөн 60 кг-ын жинд Э.Ариунболд мөнгөн медаль хүртлээ. Тэрбээр анх удаа ДАШТ-д өрсөлдсөн бөгөөд алтан медалийн төлөө олимпын нэг, дэлхийн дөрвөн удаагийн аварга, Японы бөх Н.Такатод ялагдсан юм. Түүнчлэн эмэгтэйчүүдээс 57 кг-д Л.Энхрийлэн хүрэл медалийн эзэн болов. Энэ сарын 6-нд эхэлсэн ДАШТ-д 82 улсын 571 тамирчин өрсөлдөж байгаагийн дотор манай 18 жүдоч багтаж буй. Манай тамирчид өчигдрийн байдлаар тус бүр нэг алт, мөнгө, хүрэл медаль хүртэж, багийн дүнгээр Японы дараа буюу хоёрдугаарт бичигдэж байна. Манай сонины дугаар шилжих мөчид эрэгтэйчүүдийн 81 кг-д Б.Эрдэнэбаяр, эмэгтэйчүүдийн 63 кг-д Б.Ганхайч нар өрсөлдөж байлаа.