Монгол Улсын уул уурхайн бүтээгдэхүүний экспорт, худалдан авалтыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас долоо хоног бүр гаргадаг. Манай улс өнгөрсөн сарын 24-30-нд авто замаар 5138, төмөр замаар 450 чингэлэг нүүрс экспортолжээ. Ингэснээр оны эхнээс нийт 8.06 сая тонн нүүрс өмнөд хөршид борлуулаад байгаа аж. Өнгөрсөн долоо хоногт 619.3 мянган тонн нүүрс экспортолсон нь өмнөх оны мөн үеийнхээс 3.6 дахин өссөн үзүүлэлт гэнэ.
Дээрх хугацаанд авто замаар 240, төмөр замаар 209 чингэлэг зэсийн баяжмал экспортолсон байна. 2022 оны эхнээс нийт 747.8 мянган тонн зэсийн баяжмал борлуулжээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 22 хувиар өссөн үзүүлэлт юм. Үүнээс гадна өнгөрсөн долоо хоногт авто замаар 30, төмөр замаар 581 чингэлэг төмрийн хүдэр болон баяжмал хил давуулжээ. Оны эхнээс нийт 1.74 сая тонн төмрийн хүдэр экспортлоод байгаа аж. Төвбанк оны эхнээс зургадугаар сарын 30-ныг хүртэлх хугацаанд 7.91 тонн алт худалдан авсан байна.
Бэлтгэсэн Т.Энхбат