Чойжин ламын сүм музейн хашаан дахь цэлгэр ногоон талбайд “Хү” хамтлагийнхантай болзов. Биднийг “Ард” санхүүгийн нэгдлийнхэн уулзуулсан юм. Мексикт тоглосон залуус Монголдоо ирээд удаагүй байгаа аж. “Клипний зураг авалтаар хөдөө яваад ирсэн. Монголдоо шумуулд хазуулсан шигээ амарч байх шиг гоё юм хаана байх вэ” гэцгээж байлаа. Тэд хэд хоногоос Япон явна. Фужи уулын нэрээр алдаршсан, дэлхийн хөгжмийн бүхий л цуутнууд цуглардаг наадамд урилгатай юм байна. Үүний дараагаас саяхан зарласан Европ, Английн (Британийн 9 хотод тоглох юм) аялан тоглолтдоо бэлтгэх гэнэ. Очиж үзээгүй улс оронд хөл тавьж, тоглож байгаагүй тайзнаа ч гарна. Тухайлбал, Миланы тоглолтоор Италид анх удаа фэнүүдтэйгээ уулзана. Аялан тоглолтоо ирэх аравдугаар сарын 26-нд Норвегийн нийслэл Ослоо хотоос эхлээд арванхоёрдугаар сарын 9-нд Лондонд өндөрлүүлэх хүртэл нийт 32 удаа дуулж, хөгжимдөнө. Энэ аялан тоглолтыг “байлдан дагуулалт” гэвээс зохилтой мэт.
Тэртээ найман зууны өмнө өвөг дээдсийнхээ хүрэх шахаад буцсан бүхий л газраар тэд явж, хөгжим, дуу, хөөмий, хүсэл, хязгаар үгүй их тэмүүллээр рок хөгжимд дурлагсдын ухааныг баларттал эзэмдэх нь. Англид л гэхэд Манчестр, Лийдс, Нотингэйм, Кардифф, Бирмингэйм, Дублин, Бэлфаст, Глазго, Лондонд сүр хүчийг үзүүлнэ.
Арслан ирвээс алалдан уралдъя
Барс ирвээс байлдан уралдъя
Заан ирвээс жанчилдан уралдъя
Хүн ирвээс хүчилдэн уралдъя...
Хатгагч эрээн могой болох бол
Хангарьд болон дээгүүр нь дүүлнэ
Хүрхрэх эрээн барс болох бол
Хөх зогдорт арслан болъё
Хү - Ху - Хү-Хү...
Хү-Хү-Хү-Хү...
Хүчирхэг агаад хөгжимлөг залуустай Чойжин ламын сүм музейд яагаад уулзах болсноо одоо тайлбарлая (Байршлыг орчин, аура нь гоё учир энд гэж сонгосон гэсэн). “Хү” хамтлаг виртуал орчинд буюу метаверс-т “Ард”-тай хамтран тоглолт зохион байгуулах гэж буй бөгөөд бэлтгэл ажлаа эхлүүлснээ зарласан юм.
Монголын уламжлалт морин хуур, товшуур, цуур, лимбэ, төмөр хуур зэрэг хөгжмийн зэмсэгтэй, хөөмий, хархирааг метал рок урсгалтай хослуулан дэлхийд монгол онцлог бүхий рок хөгжмийг дэлгэрүүлж буй, анхны цомгоо гаргаснаас хойш буюу гурван жилийн хугацаанд YouTube сувагтаа 1.36 сая дагагчтай болж чадсан, “Юу вэ, Юу вэ, Юу вэ” дуугаараа 98 сая үзэлт, хандалттай болсон тус хамтлагийн тоглолтыг илүү олон үзэгч, сонсогчид хүргэх замаар залуусыг дэмжих, хамтарч ажиллах санаачилгыг “Ард” санхүүгийн нэгдлийнхэн гаргахад “Хү”-гийнхэн талархан хүлээж авчээ. Ингэснээр “The Hu” болон “Ард” хамтран метаверс (цахим ертөнц дэх бодит байдал) тоглолт зохион байгуулахаар ажилдаа оров. Тоглолтын талаарх мэдээллийг тухай бүрт нь хамтлагийн болон “Ард”-ын сошиал сувгуудаар түгээж байх юм.
Виртуал орчинд болох уг тоглолтын хүрээнд “Ард”-ын хамтрагчид болох “ТэнГэрЛиг” медиа нэгдэл, “Мост Финтек”, “Грэйп Сити”, “Дайвэрс Солюшнс”, “iDAX”, “МетаФорс”, “Ард Бит”, “Бит Кэос”, “Монгол ДиФай” зэрэг компани технологи, санхүүгээр нэгдэн дэлхийд анх удаа мета рок концерт зохион байгуулна. Дэлхий даяар буй “Хү”-гийн фэнүүдэд хүргэнэ.
Зарим хүнд технологийн арга, аргачлал, үг хэллэг, нэр томъёо нь яршиг төвөгтэй санагдаж байж болох юм. Тэгвэл энэ бүхнийг алгасаад зүгээр л “Ард”-ынхан “Хү” хамтлагийн тоглолтыг аппликейшнаар үзүүлэхэд бэлэн болгоход нь цахимаар тасалбар худалдаж аваад л хаа байгаа газраасаа утсаар, компьютероороо үзэж болно. “Хү”-гийн тоглолтыг хэрхэн найруулж, танил болсон дуунуудыг яаж зохиомжлон шинэ маягаар сонсгохыг өнөөдөр таашгүй. Нэгэн сонирхолтой зүйл бий. Тасалбар худалдаж аваад үзэх хүн тэрхүү виртуал орчин, метаверс ертөнцөд өөрөө хэн нэгний дүрээр заларч болно. Чухам хэн байх, ямар дүрд хувирч “Хү”-гийн тоглолтыг хажуунаас нь үзэхээ сонгож, эртхэн захиалж болно. Ийм нэгэн орчин үеийн технологийн, дэлхий даяар түгээх тоглолтыг “The Hu” болон “Ард”-ынхан хамтарч хүргэхээр зохион байгуулалтаа эхлүүлэв. Чойжин ламын сүм музейд эртлэн зураг авалт хийсэн нь учиртай. Хамтлагийнхан дэлхийгээр аялаад олдохгүй учраас байгаа дээр нь барьж авсан нь энэ.
Бэлтгэсэн Р.Оюунжаргал