Шатрын, насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах эрэгтэйчүүдийн 60, эмэгтэйчүүдийн 52 дахь удаагийн шигшээ тэмцээн Хэнтий аймагт үргэлжилж байна. Энэ сарын 23-нд өндөрлөх бөгөөд эрэгтэй, эмэгтэйчүүдийн ангилалд тус бүр 12 шилдэг шатарчин оюунаа сорьж буй юм. Одоогоор эрэгтэйчүүдээс Үндэсний шигшээ баг, “Алдар” спорт хороо, “Элит брейн” олон улсын академийн тамирчин, их мастер С.Билгүүн 3.5, “Гэгээн арвай” клуб, “Шунхлай” корпорацын Б.Гүндаваа гурав, “Дагшаахүү” клуб, “ABChess” академийн Д.Батсүрэн гурван хожилтой тэргүүлж байна.
Эмэгтэйчүүдээс “Дагшаахүү” клуб, “Оргил” сургуулийн Б.Алтантуяа (Дэлхийн шатрын холбооны мастер), “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн Б.Баярмаа (олон улсын мастер) “Элит брейн” олон улсын академи, дотоодын цэргийн 805 дугаар ангийн тамирчин А.Энхтуул, “Гэгээн арвай” клуб, Төрийн банкны тамирчин, Дэлхийн шатрын холбооны мастер Д.Мөнхзул нар тус бүр гурван хожилтой хошуучилж эхэллээ.
Насанд хүрэгчдийн УАШТ-ийг 1948 онд анх зохион байгуулжээ. Уг тэмцээнд Д.Намсрай 9.5 хожлоор тэргүүлэн, улсын анхны аваргаар тодорч, шилжин явах цомоор шагнуулж байв. 1948 оноос хойш Монголын шатрын спортын түүхэнд 31 тамирчин улсын аварга цол хүртжээ.
Сонирхуулахад, Гавьяат дасгалжуулагч Ж.Лхагвагийн нэрэмжит Говийн бүсийн аймгуудын аварга шалгаруулах шатрын дөрөв дэх удаагийн тэмцээн Өмнөговь аймагт энэ сарын 26-27-нд болно.