Шөнө унтаж амрахдаа чийдэнгээ унтраахгүй байх нь эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй гэж АНУ-ын Баруун Нортын их сургуулийн мэргэжилтнүүд дүгнэсэн байна. Энэ талаар “Proceedings of the national gcademy of sciences” сэтгүүлд мэдээлэв. Хүн шөнө унтдаг нь байгалийн зохицуулалт. Гэтэл амарч, унтдаг тэр хугацаанд гэрэлтэй байх нь бие махбодын олон үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлдөг гэж онцолжээ. Тухайлбал, цусан дахь чихрийн хэмжээг зохицуулах үйл ажиллагаа алдагдаж, зүрх, судасны өвчлөл, бодисын солилцооны алдагдалд орох суурь болох магадлал өндөр гэнэ. Унтлагын өрөөнд гэрэлгүй байх, боломжгүй бол маш бага хэмжээнд байлгахыг тэд зөвлөөд “Шөнийн гэрэлтүүлэг нь зүрхний цохилтыг зохицуулдаг симпатик болон парасимпатик мэдрэлийн үйл ажиллагааг алдагдуулдаг. Хүмүүс гэрэлтэй өрөөнд унтаад сэрэхэд инсулиний “эсэргүүцэл” үүсдэг. Булчин, өөхний эд, элэгний эсүүд инсулинд хариу үйлдэл үзүүлж эхэлдэг бөгөөд ингэснээр эрч хүчтэй байхад шаардлагатай чихрийг үр ашигтайгаар шингээж чадахгүйд хүрдэг. Үүнийг нөхөхийн тулд нойр булчирхай илүү их инсулин үйлдвэрлэж эхэлдэг бөгөөд ийм маягаар цаг хугацаа өнгөрөх тусам цусан дахь чихрийн хэмжээ нэмэгдэж байдаг. Ингэж чихрийн шижингийн нэг шалтгаан болдог. Мөн шөнө гэрэлтэй унтах нь таргалалтад нөлөөлдөг болохыг тогтоосон” гэж тайлбарлажээ. Эл судалгааны явцад гэрэлтүүлгийн түвшнээс хамаарч хүний тархи мелатонин даавраа ялгаруулж чадахгүйд хүрч байгааг тогтоосон юм байна. Тиймээс шөнө унтахдаа аль болох гэрэлгүй байхыг зөвлөв. Томоохон хотуудад амьдардаг хүмүүсээс авсан судалгаагаар 40 хүртэл хувь нь нойргүйдлийн асуудалтай гэсэн нь гудамжны зэрэг гэрэлтүүлэгтэй холбоотой учраас хөшгөө татаж унтахад багагүй үр дүнтэйг мөн хэлжээ.
Э.ХАНА