Ойн ач холбогдлыг сурталчлах зорилгоор НҮБ-аас санаачилсан Олон улсын ойн өдрийг улс орнууд “Ой ба тогтвортой үйлдвэрлэл, хэрэглээ” уриалгын доор өчигдөр 12 дахь удаагаа тэмдэглэв. Монгол Улс “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн өрнүүлж эхэлсэнтэй холбоотойгоор эл өдрийг илүү өргөн цар хүрээнд тэмдэглэж, бүх нийтийн экологийн боловсролыг дээшлүүлэх, ой хамгааллыг сайжруулах, зохистой ашиглах шаардлагатай. Тиймээс БОАЖЯ-ныхан НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага (FAO), Германы хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ) зэрэг газартай хамтран нэг сарын хугацаанд ойн салбарыг сурталчилсан, тулгамдсан асуудал, бэрхшээлийг шийдвэрлэхэд чиглэсэн арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөжээ. Үүнийгээ “Оройн нахиа” оюутны эрдэм шинжилгээний хурлаар өчигдөр эхлүүллээ. Ойн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг их, дээд сургуулийн оюутнууд оролцож, 20 орчим сэдвээр илтгэл хэлэлцүүлэв. Мөн эл өдөр ШУА-ийн Газар зүй, геоэкологийн хүрээлэнгийн судлаачид тарьц, суулгацыг хэрхэн зөв арчилж, ургуулах талаар цахим сургалт зохион байгуулсан юм. Судлаач, мэргэжилтнүүд ойн салбарт хяналт, үнэлгээний тогтолцоог сайжруулах шаардлагатай, ингэж байж байгалийн нөөцийг зохистой ашиглах, хамгаалах бодлогыг тэнцвэртэй хэрэгжүүлж чадна гэсэн байр суурь илэрхийлж байв.