Өнгөрсөн мягмар гарагт “Аваргуудын лиг”-ийн хасагдах шатны хоёр хариу тоглолт болж, Германы “Байерн” (Мюнхен), Английн “Ливерпуль” баг шөвгийн наймд шалгарлаа. Энэ өдөр Германы супер баг “Зальцбург”-ийг 7:1-ийн харьцаатай бут ниргэсэн юм. Тус нэр хүндтэй тэмцээний түүхэнд ямар багууд ийм гутамшигт ялагдал хүлээж байсныг товч танилцуулья.
“ЛИВЕРПУЛЬ”-“БЕШИКТАШ” 8:0
Английн баг эл тэмцээний түүхэнд анх удаа эсрэг багийн хаалганд найман гоол оруулсан. Тэр цагаас хойш өөр ямар ч баг үүнээс давамгай хожил байгуулаагүй байна. 2007 оны арваннэгдүгээр сард болсон уг тоглолтод Й.Бенаюн хет-трик, П.Крауч дубль оруулж байлаа.
“РЕАЛ”-“МАЛЬМЕ” 8:0
Найман жилийн дараа өмнөх дээд амжилтыг Испанийн баг давтсан. Ялалтын эзэн нь дасгалжуулагч Р.Бенитес. Түүний удирдсан баг хоёр удаа ийм гайхалтай ялалт байгуулав. Тоглолтын хувь заяаг покер оруулсан К.Роналду, хет-трикийн эзэн К.Бензема шийдсэн юм.
“ЮВЕНТУС”-“ОЛИМПИАКОС” 7:0
Харин 2003 оны арванхоёрдугаар сард болсон эл тоглолтын гол баатрыг нэрлэхэд хэцүү. Учир нь зургаан тоглогч гоол оруулсан юм. Д.Трезеге л хоёр гоол нэр дээрээ бичүүлжээ.
“АРСЕНАЛ”-“СЛАВИЯ” 7:0
“Аваргуудын лиг”-т анх удаа тоглосон (2007 оны аравдугаар сар) 18 настай Т.Уолкотт багийнхаа түүхэн ялалтад чухал үүрэг гүйцэтгэж, дубль хийжээ. Өнөөг хүртэл тэрбээр эл үзүүлэлтээрээ “Аваргуудын лиг”-ийн дээд амжилтыг эзэмшсээр байна. Түүнээс гадна Ч.Фабрегас, А.Глеб, Н.Бендтнер гоол оруулсан юм.
“ЖИЛИНА”-“МАРСЕЛЬ” 0:7
2010 оны арваннэгдүгээр сард болсон уг тоглолтод А.Пьер Жиньяк хэт-трик хийсэн. Францын багт бут ниргүүлсэн “Жилина” хэсэгтээ нэг ч оноо аваагүй. Харин “Марсель” хасагдах шатанд шалгараад “Манчестер юнайтед” багт ялагдан тэмцээнийг орхиж байв.
“ВАЛЕНСИ”-“ГЕНК” 7:0
2011 оны арваннэгдүгээр сард болсон уг тоглолтод Р.Сольдадогийн хет-трикийн ачаар Испанийн баг хялбархан гурван оноо авчээ. Гэхдээ хоёр баг тэрхүү улиралд хасагдах шатанд шалгараагүй юм.
“БАЙЕРН”–“БАЗЕЛЬ” 7:0
2012 оны шөвгийн 16-д Германы баг долоон гоол оруулж байжээ. Уг тоглолтод М.Гомес покер хийсэн юм. “Байерн” тэр улирлын финалд шалгарсан ч “Челси”-д ялагдан цомгүй хоцорч байв.
БАТЭ–“ШАХТЕР” 0:7
Хөрш улсуудын багууд 2014 оны аравдугаар сард хоорондоо таарч тоглосон. Үүнд Украины баг илт давуу ялсан юм. Эхний хагас дуусахад л тооны харьцаа 6:0 болсон байлаа. Л.Адриано тухайн тоглолтод таван гоол оруулсан.
“БАЙЕРН–“ШАХТЕР” 7:0
Украины баг нэг жилийн дараа шөвгийн 16-д бут ниргэлтийн мастер гэж болох Германы багт 0:7-ийн харьцаатай ялагдаж байлаа. Өнгөрсөн мягмар гарагт гоол оруулсан Р.Левандовски тухайн тоглолтод мөн гоол оруулж байв
.“БАРСЕЛОНА”–“СЕЛТИК” 7:0
2016 оны есдүгээр сар. Л.Мессигийн хет-трик. “Камп ноу” дахь илт давуу ялалт. Гэхдээ М.Дембеле эхний хагасын дунд хэрд торгуулийн цохилтоо оруулсан бол тооны харьцаа тэнцэж, тоглолт өөрөөр эргэж ч магадгүй байв.
“МАРИБОР”–“ЛИВЕРПУЛЬ” 0:7
2017 оны намар даруухан “Марибор”-ыг бут ниргэсэн Ю.Клоппын баг финалд шалгарсан ч аваргалж чадаагүй.
“ЛИВЕРПУЛЬ”–“СПАРТАК” 7:0
Английн баг тэрхүү улиралд “ширүүн” байсныг эл тоглолт харуулна. Өмнө дурдсан тоглолтоос гурван сарын дараа тэд ОХУ-ын аваргуудыг талбайд нь 7:0-ээр хожжээ.
“МАН СИТИ”–“ШАЛЬКЕ” 7:0
2018-2019 оны хасагдах шатны эхний тоглолт нь “Сити”-д “зугаа” болоод дуусав. Довтолгооны бүх тоглогч гоол оруулсан агаад С.Агуэро дубль хийжээ.
Эдгээрээс гадна зургаан гоолын зөрүүтэй өрсөлдөгчөө хожсон таван тоглолт “Аваргуудын лиг”-т бүртгэгдсэн түүхтэй.
Бэлтгэсэн Э.Манлайбаатар