Өнөөдөр гадаа 9 градусын хүйтэн байна. Цаг, агаар, зурхай, валютын ханш гээд таны энэ өдрийн ажилд хэрэгтэй бүхий л мэдээллийг багцлан хүргэе. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй.
Гуравдугаар сарын 10-ны өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 69 дахь өдөр бөгөөд он дуусахад 296 хоног үлдлээ.
- Улаанбаатарт цаг агаар өдөртөө 5 градус дулаан бол шөнөдөө 8 градус хүйтэн байх нь ээ.
- Билгийн тооллын XVII Жарны "Буян үйлдэгч" хэмээх Усан бар жилийн хаврын дунд харагчин туулай сарын 08. Бархасвадь гараг. Гөрөөсөн толгой одтой, зургаан цагаан мэнгэтэй, хар нохой өдөр. Балжиннямтай өдөр. Өдрийн наран 7 цаг 16 минутад мандан, 18 цаг 49 минутад жаргана. Тухайн өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр найз нөхдийг түшиж элдэв үйлийг түргэн бүтээх, бүтээл туурвил эхлэх, бизнэс эхлэх, цар ихтэй үйлийг эхлэх, бясалгал хийх, доодсыг асран өглөг, хандив өргөх, угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, гэр, байшингийн суурь тавихад сайн. Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал нас уртасна хэмээжээ.
- “Найман шарга” валют арилжааны төвд ам.долларын авах ханш 2890.00 төгрөг, зарах нь 2905.00 төгрөг байна. Харин рублийн авах ханш 24.00, зарах ханш 28.00, юанийн авах ханш 456.00, зарах ханш 457.50, вонийн авах ханш 2.41, зарах ханш 2.42 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- 9.00 цагт СТӨ-нд "Монголын тариаланчдын үндэсний холбооны V чуулган" эхэлнэ.
- 9.00 цагт Цаг уур, орчны шинжилгээний газарт “Аялал жуулчлалын тухай хууль тогтоомжийг боловсронгуй болгох хэрэгцээ, шаардлагыг урьдчилан тандан судлах, тодорхойлох” цуврал хэлэлцүүлгийн "Зочид буудлын үйл ажиллагаа эрхлэгч" сэдэвт хэлэлцүүлэг болно.
- 9.00 цагт Хууль зүйн үндэсний хүрээлэнд ХЗДХЯ-наас “Эрх зүйн шинэчлэл ба хүний эрх: Газрын эрх зүйн анхаарах асуудал” хэлэлцүүлэг зохион байгуулна. Утас: 91907777, 99098199
- 10.00 цагт Засгийн газрын III байранд БШУЯ-наас Монгол Улс ирэх сард “PISA-2022” олон улсын судалгаанд хамрагдах талаар мэдээлнэ.
- 10.00 цагт Төрийн ордонд Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлэг болно.
- 11.00 цагт Офицеруудын ордонд Монгол цэргийн өдөр, Орчин цагийн зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 101 жилийн ойг тохиолдуулан хошууч генерал Я.Чойжамцын орчуулсан зохиолч Дэвид Килкүллэний “Нүүдэл суудал” номын нээлт болно.
- 11.30 цагт “Үндэсний мэдээллийн төв”-д ТЕГ-аас саатуулсан иргэн Ч.Мөнхбаярын өмгөөлөгч нар хэвлэлийн хурал хийнэ.
- 12.00 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд Олон улсын хооронд авто тээвэр эрхлэгч жолооч тээвэрчдийн нэгдсэн зөвлөлөөс “Чингэлэг тээвэр Монголын эдийн засагт үзүүлж буй сөрөг үр дагавар” сэдвээр мэдээлнэ. Утас: 99109633 80090034
- 18.00 цагт "Корпорэйт" зочид буудалд "Хохирогч" олон ангит киноны улаан хивсний ёслол болно. Утас: 96696674
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
- 1921 онд Жанжин Д.Сүхбаатар, Л.Сумъяа нарын цэргүүд Хятадын талын 100 гаруй цэрэгтэй байлдав. Тулааны үеэр 50 гаруй гаминг алж, 2-3 хүнийг амьдаар баривчилж, шар үхэр хориод, тэрэгтэй морь арваад, уналгын морь, буу сэлэм тус бүр дөчөөдийг олзолжээ. Тухайн үед Ардын журамт цэргийн зэвсэглэлд орос, хятад, япон винтов, бирдаан, усан баймлий, ямаан сүүлт, сисанли зэрэг нэлээд олон төрлийн буу ашиглагдаж байсан гэдэг.
- 1814 он Францын хаан I Наполеон Лаоны тулаанд ялагдал хүлээв.
- 1891 он Америкийн зохион бүтээгч Алмон Строугер телефон утасны автомат дамар зохион бүтээж, зохиогчийн эрх авав.
- 1945 он АНУ-ын нисэх хүчин Японы нийслэл Токио хотыг бөмбөгдөж, 100,000 мянган хүн амиа алджээ. Амиа алдагсдын дийлэнх нь энгийн иргэд байсан юм.
- 1922 он Энэтхэгт жагсаал цуглаан зохион байгуулж, ард иргэдийг өдөөн турхирсан хэргээр Махатма Гандиг цагдаагийн газар баривчлав. Түүнд зургаан жилийн ял оноож, шоронд хорисон ч хоёр жилийн дараа суллагдсан юм.
- 1959 он Төвдийн иргэд Далай ламын удирдлага дор бослого хөдөлгөөн дэгдээх магадлалтай болсон тул Хятадын тал Далай ламын "Потала" ордонг бүслэжээ.