4, 25, 46, 67... Тэгээд 88. Эдгээр тооны зүй тогтлын хариуг олох амархан. Харин амьдралын зүйг олоход шууд 21 гээд хэлчих амаргүй. Амьдрал заавар, хайр томьёотойгоо ирдэг сэн бол хорин хэдтэй залуу, наян наймтай хөгшин ч хувь тавилангийн тохуурхлаас холуур амьдрах байсан биз. Зарим нь хүнийг хайрлах гэж хайрладаг бол зарим нь "тарчлаах" гэж хайрладаг байж мэднэ.
Энэ удаад “Хас фильм” студийн дэлгэцийн ээлжит бүтээл “Хиртээгүй сарнай” уран сайхны киног онцолж байна. Тус кино нь хайр дурлалын сэдэвтэй, романтик, триллер жанрын кино болжээ. Найруулагч Ц.Хүсэлбаатар киноны гол санааг “Залуус хайр сэтгэлээс болж амьдралдаа алдаа гаргах вий. Зөв яваасай, хүн шиг хүн байгаасай” гэдэг талаас бодож, хагас жил гаруй сууж бичжээ. Киноны үйл явдлаас цухас дурдвал, баян айлын охин Гэрлээ Галаа гэдэг дуучин залуутай санамсаргүй байдлаар танилцаж, хайр сэтгэлийн холбоотой болдог. Гэвч үүнийг мэдсэн Гэрлээгийн ээж Алтантуяа, нагац ах Алтантулга нар тэднийг эсэргүүцнэ. Чухам яагаад эсэргүүцэх болсныг энэ сарын 19-нд нээлтээ хийх “Хиртээгүй сарнай” киноноос хүлээн авч үзээрэй.
Энэхүү киног “Нинжин сэтгэл”, “Аюултай харилцаа”, “Галзуу зугаалга”, “Манай гэрийн хөрш” зэрэг дэлгэцийн 10-аад бүтээл хийж байснаар үзэгчдэд эчнээ танил болсон найруулагч Ц.Хүсэлбаатар "Хиртээгүй сарнай" киногоо охин Х.Баярмаадаа зориулж бүтээсэн ажээ. Түүний охин Х.Баярмаа тус киноны гол дүрд, бага хүү Х.Сумьяадорж, эхнэр С.Өлзийхүү нар туслах дүрд тоглож буй бөгөөд урлагийн гэр бүлийнхэн нэг кинонд хамтдаа дүр бүтээснээрээ онцлог юм. Бага хүү Х.Сумьяадоржийн хувьд урлагийн салбарт анхны дүрээ авч байгаа нь энэ юм. СУИС-ийн жүжигчний гуравдугаар курст сурдаг тэрбээр анагаахын их сургуульд сурч байгаад сэтгэл зүрхнийхээ дуудлагаар урлагийн замыг сонгосон гэдэг.
Киноны эрэгтэй гол дүрийг Х.О.Амгаланбаатар бүтээсэн бол туслах дүрд гавьяат жүжигчин Д.Цэрэндарьзав, Г.Золбоот, Б.Эрдэнэцэцэг, жүжигчин Ч.Болд, Э.Пүрэвжаргал, дуучин Jason буюу Б.Баяржавхлан, Tempo буюу Б.Болдбаатар нар тогложээ.