Зохиолч П.Батхуягийн “Ганцаардлын пянз” үгүүллэг франц хэлнээ орчуулагдан “LE VINYLE DE LA SOLITUDE” гэх кино бүтээл болж, дэлхийн нэр хүндтэй Каннын кино наадмын шалгаруулалтын хэсэгт тэнцжээ. Энэ талаар зохиолчоос тодрууллаа.
-"Ганцаардлын пянз" үгүүллэгээ хэнд юу ойлгуулахыг хүсэж бичсэн бэ?
-Ганцаардлыг ойлгуулах гэж орчин цагийн хүмүүст зориулж бичлээ. Бид бие биентэйгээ зайнаас л харилцах болжээ. Тэгээд найз нөхөд танил тал гэдэг ч ямар амьд харилцаа алга болж байна. Худлаа зайнаас нэг их дотно мэт боловч тэр ямар нэгэн хаалтны цаанаас л дүр үзүүлж байгаа явдал. Дэлхий даяараа тийм болжээ гэдгийг хөндсөн гэх юм уу даа. Энэ өнцөг энэ тал нь Европт бүр ч их асуудал болсон бололтой юм. Хайрлах дурлах минь хүртэл технологийн зайнаас болжээ. Хүний уугуул байгалийн шинж алдагдсан тухай л өгүүлсэн юм.
-Францын уран бүтээлчдын хараанд өртсөн нь сайхан хэрэг. "Франц хэл рүү хэн орчуулсан бэ?
-Надаас орчуулгын зөвшөөрөл авч, үнэлгээгээ тохирсон. Франц хэл рүү Монголч эрдэмтэн, киноны багийн уран сайханч эмэгтэй орчуулсан даа. Орчуулгын хувилбар Францын уран зохиолын сэтгүүл дээр хэвлэгдсэн.
-"Ганцаардлын пянз"-ыг бүтээл болгохдоо тэд таниас зөвшөөрөл авсан уу?
-Орчуулах л зөвшөөрөл авсан. Кино бүтээл болгох зөвшөөрөл аваагүй. Одоогоор "Swiss" кино санд трейллер оруулсан гэсэн хариу өгөөд байна.
П.Батхуяг нь Улаанбаатар хотод 1975 онд төрсөн. 1997 онд Дорно дахины утга зохиолын дээд сургууль, 2001 онд МУИС-ийн магистратур, 2004 онд МУБИС-ийн аспирантур төгссөн. 2004 онд "Алтан өд" 2007 онд МЗЭ-ийн шагнал хүртсэн. Яруу найраг, хүүрнэл зохиол, жүжиг, уран зохиолын судлал шүүмжийн төрлөөр нийт 30 гаруй бүтээлтэй. Утга зохиолын "Хүрээ ахан дүүс" бүлгэмийн гишүүн юм.