Дэлхийд анх удаа Сансарт уран сайхны киноны зураг авалт хийхээр ниссэн Оросын уран бүтээлчид өчигдөр дэлхийд амжилттай газардав.
Жүжигчин Юлия Пересильд, найруулагч Клим Шипенко, сансрын нисгэгч Олег Новицкий нар "Союз МС-18" төхөөрөмжөөр Казахстаны Жезказган хотоос зүүн урагш 148 километрийн зайд газардсан байна. Сансрын багийнхан газардах үеэрээ 4.05 г -ийн хэт ачааллыг мэдэрсэн ч Пересильд, Шипенко нарын биеийн байдал сайн байгаа гэж Роскосмос мэдээлэв.
Кино уран бүтээлчид 10-р сарын 5-нд сансрын нисгэгч Антон Шкаплеровын хамт “Союз MS-19” хөлгөөр ОУСС-д ирсэн бөгөөд зураг авалт нийт 12 өдөр үргэлжилсэн байна.
Урьдчилсан байдлаар “Вызов” /Дуудлга/ нэртэй уг киноы дэлгэрэнгүй мэдээллийг нууцалж байгаа ч хэвлэлийнхний бичиж буйгаар ОУСС-д ажиллаж байсан нисгэгчийн бие гэнэт муудаж, зүрхний яаралтай мэс засал хийлгэх шаардлагатай болсон ч эмч нар түүнийг дэлхий рүү буцахыг хориглосон тул эмэгтэй эмч сансарт нисэх болсон тухай өгүүлдэг аж.
Сансрын зураг авалт нийт киноны метражын 30-40 минутыг эзлэхээр төлөвлөж байжээ.
Энэ тухай Оросын Нэгдүгээр сувгийн ерөнхий захирал Константин Эрнстийн хэлснээр Шипенко, Пересильд нар зураг авалтын төлөвлөгөөгөө 100 ч биш 120 хувиар биелүүлж чаджээ.
Тэрбээр "Бүх зүйл маш амжилттай болсонд , эд нар маань үнэхээр сайн байгаад туйлын баяртай байна. Дөнгөж сая Юлия надад "Маш хурдан эргэж ирсэнд харамсалтай байна” гэлээ” гэжээ.
Жүжигчин Пересилдыг сансарт зураг аввалтад орох хүсэлтэй гурван мянган уран бүтээлчдээс сонгожээ. Жүжигчин бүсгүй "Люся Гурченко", "Зулейха открывает глаза", "Край", Sheena667, "Петровы в гриппе" кинонуудаараа танигдсан. “Битва за Севастополь" /Севастополийн төлөөх тулаан/ киноны дүрээрээ тэрээр ОХУ-ын төрийн шагнал хүртэж, Бээжингийн олон улсын кино наадмаас шилдэг эмэгтэй жүжигчнээр тодорсон байна.
Найруулагч Шипенкогийн хувьд гэвэл тэрбээр "Текст","Декабрь" мөн Оросын хамгийн их орлого олсон "Холоп" киног найруулжээ. Түүний "Салют-7" кино нь Циолковскийн нэрэмжит олон улсын сансрын тухай кино наадамд Гран-при шагнал хүртсэн байна.
“Вызов” /Дуудлага/ кино ирэх 2022 онд дэлгэцнээ гарах аж.