Францын нэрт жүжигчин Жан-Поль Бельмандо 88 насандаа таалал төгсөв. Энэ тухай түүний өмгөөлөгч Мишель Годест “France-Presse” агентлагт даваа гарагт мэдээлсэн байна.
"Тэрбээр сүүлийн саруудад маш их ядарсан байсан. Тэрээр тайван нойрссон" гэж өмгөөлөгч нь хэлжээ. Жүжигчний үхлийн шалтгааны талаар одоогоор мэдээлээгүй байна.
Жан-Поль Беьмондо 1933 оны 4-р сарын 9-нд Парисын ойролцоох Нойли-сюр-Сен хотод алдартай уран барималчийн гэр бүлд төржээ. Дайны дараа эцэг эх нь түүнийг хамгийн нэр хүндтэй сургуулиудад явуулсан боловч залуу Жан-Поль сурах хүсэлгүй хүүхэд байв. Тэрээр харин спортод илүү сонирхолтой байв. Тэрээр мэргэжлийн боксчин болохоор шийдэж, хэд хэдэн тэмцээнд түрүүлсэн боловч энэ бол түүний зам биш гэдгийг удалгүй ойлгосон байна. "Боксчин ялалтад улайрч, үзэн ядах чадвартай байх ёстой. Энэ нь миний зүйл биш байсан" гэж тэрбээр “Paris Match” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа хэлсэн байдаг. Энэ спортоор хичээллэж байсныг түүний мурий хамар гэрчилнэ. Гэхдээ Жан-Поль сургуулиа орхиогүй аж. Тэрээр 20 настайдаа жүжигчин болохоор шийдсэн бөгөөд тэрээр энэ хүсэлдээ маш нухацтай ханджээ. Тэрбээр Драмын урлагийн үндэсний консерваторид шалгалт өгсөн ч зөвхөн гурав дахь удаагаа л элсэж чадсан аж Сургуулийн багш, эрдэмтэд Бельмондог ямар нэгэн амжилтад хүрнэ гэж огт итгэдэггүй байсан гэдэг. Чиний гадаад төрх урлагийн салбарт нийцэхгүй л болов уу гэж тэд хэлдэг байжээ.
Сургуулиа төгсөөд ердөө хоёрхон жилийн дараа тэрээр агуу найруулагч Жан-Люк Годарын “Сүүлийн амьсгалаар ”/À bout de soufflé/ кинонд тоглосноор дэлхийн кино урлагийн ертөнцөд Бельмандо гэдэг нэрээ тамгалсан юм. Түүнийг кино урлагийн “Францын шинэ давлагаа”-ны голлох түлхүүрүүдийн нэг гэж зүй ёсоор үздэг.
Жан Пол театр киноны нийт 100 гаруй дүрийг бүтээсэн байна. Тэрээр Канны фестивалийн “Алтан даль модны навч”, Венецийн “Алтан арслан”, “Сезар”, Францын Хүндэт легион гээд уран бүтээлч хүний хамгийн дээд шагналуудыг хүртсэн байдаг.
"Тэрбээр бүх л цаг үед гайхамшигтай хэвээр байх болно. Жан-Поль Бельмондо бол манай үндэсний баялаг байв. Тэр чанга дуутай, хөгжилтэй, үргэлж инээд хөөр бэлэглэдэг байлаа. Уйгагүй зүрх зоригтой, үгийн шидтэн юм. Түүнээс бид бүгд өөрсдийгөө олсон" гэж Францын Ерөнхийлөгч Эмманиуль Макрон өөрийн Твиттер хуудсандаа бичжээ. Францын төдийгүй дэлхийн нэгэн агуу эрин үе тэнгэрт халилаа.