Fi” рекордсын захирал Ц.Нацагдорж 2002 онд санаачлан зохион байгуулсан “Playtime” хөгжмийн наадам өнөө жил 20 нас хүрч буй. Тус наадмыг орчин үеийн хөгжмийн соёлыг хөгжүүлэх, залуус амралт, чөлөөт цагаа цэвэр агаарт зөв боловсон өнгөрүүлэх, дэлхийн болон Монголын шинэ, шилдэг хамтлаг, дуучдыг танилцуулах зорилготойгоор Гачуурт дахь “Монгол шилтгээн” цогцолборт зохион байгуулдаг. Эл наадам нь Монгол Улсад 1990-ээд оны сүүлч, 2000-аад оны эхэн үед дэлгэрсэн хөгжмийн шинэ урсгал, түүний төлөөлөл болсон хамтлаг, дуучид, тэдний уран бүтээлийг олонд хүргэх боломж олгосноороо онцлог юм. “The lemons”, “A sound”, “The colors”, “Моханик” гэхчлэн олон хамтлаг энэхүү наадмаас уран бүтээлийн гараагаа эхэлж, сонсогчдод танигдсан. Өнөө жилийн наадмыг ирэх сарын 6-8-нд хийхээр товлосон ч цар тахлын нөхцөл байдалтай холбогдуулан 2022 оны долдугаар сар хүртэл хойшлуулж буйгаа зохион байгуулагчид зарлалаа. Сонирхуулахад, 2002 оноос хойш нийт 500 гаруй хамтлаг, дуучин “Playtime” наадамд оролцон, уран бүтээлээ хүргэсний дотор АНУ, Британи, ОХУ, Япон, БНСУ, ӨМӨЗО-ы уран бүтээлчид ч бий. Түүнчлэн Шведийн “The radio dept”, ОХУ-ын “Муммий тролль”, Британийн “Peter hook and the lights”, “The wedding present”, АНУ-ын “The pains of being pure at heart”, Японы “Mono”, “The fin”, “Envy”, Тайванийн “Sunset rollercoaster”, Францын “Onra”, Германы “Tolouse low trax”, АНУ-ын “Yo la tengo”, Польшийн “Blazej Malinowski” зэрэг алдартай хамтлаг тус наадмын тайзан дээрээс уран бүтээлээ хүргэж байлаа.
Бэлтгэсэн А.Хангал