“Ялагчдын цуваа” моно жүжгийн олон улсын уралдаант наадам боллоо. Уг наадмыг Монголын моно жүжгийн төвөөс санаачлан, Соёлын яам, нийслэлийн Соёл урлагийн газрын ивээл доор, УДЭТ, Улсын хүүхэлдэйн театр, “49 дүгээр гудамж” театр, СУИС-тай хамтран жил бүр зохион байгуулдаг. Энэхүү наадам нь Монголын театрын урлагийг дэлхий дахинд сурталчлах, залуу уран бүтээлчдийн ур чадварыг хөгжүүлэх, олон улсын тайзан дээр өрсөлдөх чадамжийг дээшлүүлэх зорилготой. 2015 оноос зохион байгуулсан “Ялагчдын цуваа” олон улсын наадамд АНУ, ОХУ, БНХАУ, Испани, ХБНГУ, Польш, Румын, БНСУ, Израил, Монтенегро, Молдав, Киргиз, Якут зэрэг 30 гаруй орны уран бүтээлч нэг хүний жүжгээр оролцон, өрсөлдөж байв. Түүнчлэн наадмын шүүгчдийн бүрэлдэхүүнд олон улсын өндөр зэрэглэлийн, нэр хүндтэй мэргэжилтнүүд багтдаг нь энэхүү наадмын чанар чансаа, түвшнийг тодорхойлдог.
Өнөө жилийн наадмыг цахимаар зохион байгуулсан бөгөөд дөрөв хоног үргэлжлэв. Наадамд Молдав улсын жүжигчин Анатол Гузик “Ади”, Польшийн Пиотр Кондрат “Шекспирийн шөнө”, Литвийн Ауримас Пинтулис “Сомерын түүх”, Македонийн Гжоржи Жолевски “Краппын сүүлчийн бичлэг”, Израилын Татьяана Казановски “Яруу найраг”, ОХУ-ын Ксениа Боёко “Триптич” жүжгээ толилуулсан. Харин манай улсаас “Black box” театрын уран бүтээлч Г.Мөнхжаргал Самюэл Беккетийн “Краппын сүүлчийн бичлэг”, Төв аймгийн “Монгол туургатан” театрын жүжигчин Р.Янжиндулам “Би хэн бэ” жүжгээр олон улсын уран бүтээлчидтэй өрсөлдөв.
“Ялагчдын цуваа” наадмыг энэ жил ХБНГУ-ын Театр урлагийн институтийн гишүүн, урлаг судлаач, шүүмжлэгч Нина Мазур, УДЭТ-ын жүжигчин, найруулагч О.Гэрэлсүх, Румыний “Баковиа фест монодрама” наадмыг үүсгэн байгуулагч, жүжигчин, судлаач Элиза Наоми Жудэу нар шүүв. Тэд өнөө жилийн наадмын гран при шагналыг жүжигчин Р.Янжиндуламд олголоо. Ингэснээр тэрбээр тус наадмын түүхэнд Монголоос гран при хүртсэн анхны жүжигчин болсон юм.
Ташрамд сонирхуулахад, “Ялагчдын цуваа” наадмыг 2017 онд ЮНЕСКО-гийн дэргэдэх Олон улсын театр урлагийн институт албан ёсоор бүртгэж, хамтран зохион байгуулдаг болсон бөгөөд 2017 онд Польшийн жүжигчин Камила Каминска “Кармазовын бүсгүйчүүд”, дараа жил нь АНУ-ын жүжигчин Бремнер Дути “Cabaret 33”, 2019 онд БНСУ-ын жүжигчин Хю Тэй И “Аав” жүжгээр тус наадмын гран при шагналыг хүртэж байв.