Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ намынхаа Их биш, Бага хурлаас сонгогдон, МАН-ын дарга боллоо. Өөрөөр хэлбэл, эрх баригч намын 225 мянган гишүүнээс ердөө 369-ийг нь багтаасан Бага хурлаас тэр сонгогдов. Тус Бага хурлын хуралдааныг цахим болон танхимаар зохион байгуулсан бөгөөд ирц хангалтгүй байсныг эх сурвалж хэлж буй. УИХ-д шинээр сонгогдсон, залуу гишүүдийг эс тооцвол түшээдээс тун цөөхөн нь оролцсон сурагтай. Хоёр дахь өдрийн хуралдааны ирц бүр ч бага байжээ. Уг нь У.Хүрэлсүх Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд дарагдсан Бага хурлын хуралдаанаас олон чухал шийдвэр гаргасан аж.
МАН-ын дүрмийн дагуу даргыг Их хурлаас сонгох ёстой. Энэ нь Ардын намын дээд байгууллага болох Их хурлын онцгой бүрэн эрх юм. Тиймээс ч Л.Оюун-Эрдэнийг энэ удаа үүрэг гүйцэтгэгчээр томилоод, дараа нь Их хурлаараа хуралдуулан жинхэлнэ гэх яриа чих дэлсэж байв. Тэгээд ч У.Хүрэлсүх гишүүнчлэлээ түдгэлзүүлэн, даргын албаа Их хурлын хуралдаанаас хэн нэгэнд шилжүүлэх нь түүнийг тангараг өргөхөөс өмнө амжихааргүй байсан юм.
Учир нь намын ээлжит Их хурлыг хуралдуулах тухай шийдвэрийг хуралдах өдрөөс 45-аас доошгүй хоногийн өмнө гаргах заалт тус намын дүрэмд бий. Гэхдээ МАН-ын дүрмийн 20.3.7-д “Намын Их хурлын чөлөөт цагт намын даргын орон гарвал Бага хурлын хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёрын саналаар шинэ даргыг сонгох” тухай заалт байх аж. Чухам үүнийг үндэслэн Л.Оюун-Эрдэнийг намын даргаар сонгох хуралдаан болж өнгөрлөө. Одоо түүнийг Дээд шүүх МАН-ын даргаар бүртгэж, баталгаажуулснаар эрх баригч намын дарга бөгөөд Засгийн газрын тэргүүн, хүчтэй Ерөнхий сайдын ял, ямбыг зэрэг эдлэх шинэ тоолол эхэлнэ. “Ерөнхий сайд нь заавал намын дарга байх ёстой” хэмээн ил тод мэдэгдэж, У.Хүрэлсүхээс МАН-ын тамгыг шилжүүлэн авах хүн нь өөрөө байх учиртайг шуудхан зарлачихсан түүнд хийх, хэлсэндээ хүрэх л үлдэж байна.
Түүнийг тамга гардаж авах хүртэл намын даргад нэр дэвшигчдийн албан бус нэр нэг бус байсан ч тэр ганцаараа “өрсөлдөж”, 100 хувийн саналаар сонгогдлоо. Зарим талаар айхтар диктатуртай, ардчилалгүй гэгддэг Ардын намынхны хувьд энэ нь гайхаш төрүүлэм үйл явдал биш байж мэднэ. Гэвч засаг, төрөө тогтвортой байлгая гэж санал нэгдээд, өдгөө гүйцэтгэх засаглалыг тэргүүлж яваа түүнд улс төрийн эрх мэдлийг бүрэн шилжүүлж байгаа бол шууд буруутгаж боломгүй санагдана. Хэрэв Л.Оюун-Эрдэнээс өөр хүнийг намын даргаар сонгосон бол Засгийн газар, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт, улсын хөгжил, иргэдийн амьдрал орвонгоороо эргэж ч мэднэ. Засгийн газрын тогтворгүй байдлын горыг хорь, гучин жил улсаараа хангалттай амссан хүмүүсийн хүлээлт, эдийн засгийн хямрал, цар тахлын өмнө өдрөөс өдөрт хүчин мөхөстөж байгаа иргэд үүнийг хүсэхгүй нь лав.
Гэхдээ Ардын намынхан дээрх шийдвэрийг арай өөрөөр тайлбарлаж буй. Л.Оюун-Эрдэнийг даргаараа сонгосны дараа тус намын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан мэдээлэл хийхдээ “МАН 35 хүртэлх насны залуучуудад улам их боломж олгоно” гээд хэлчихэв. Тэрбээр “Улс төрийн намын шинэчлэл, тэр дундаа үе солигдох үйл явц илүү чухал. МАН сүүлийн хоёр сонгуулиар байгуулсан ялалт, амжилтынхаа хүрээнд үе шилжих үйл явцыг амжилттай хийж байна. Шинэ үе гаргаж ирэх нь бидний туйлын зорилго” гээд 1980 онд төрсөн Л.Оюун-Эрдэнийг даргаараа сонгосон нь энэ эрмэлзлийнх нь илэрхийлэл болохыг тодотгосон юм.
Тус хуралдаанаар Бага хурлын орон гарсан болон Удирдах зөвлөлийн гишүүдийг шинэчлэн баталсан. Тухайлбал, Бага хурал 369 гишүүнтэй. Бүрэлдэхүүнд нь УИХ, Засгийн газрын гишүүн, аймаг, нийслэлийн Засаг дарга, ИТХ-ын болон намын хорооны дарга, дэд дарга нар багтдаг. Сонгогдож, томилогддог эдгээр албан тушаалтан өөрчлөгдвөл түүнийг Бага хурлын гишүүнээс чөлөөлж, оронд нь сонгогдож, томилогдсон хүмүүсийг оруулдаг. Тэгвэл энэ удаа нэг хэсгийг нь ийм зарчмаар Соёлын сайд Ч.Номин, Эрүүл мэндийн сайд С.Энхболд, Ерөнхий сайдын зөвлөх, НАМЗХ-ны дэд ерөнхийлөгч Т.Хаш-Эрдэнэ, Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд О.Батнайрамдал нарын 50 орчим гишүүнийг шинээр оруулсан бол нөгөө нь МАХН-ынхан байлаа. Эрх баригчид МАХН-ыг намдаа нэгтгэхдээ шат шатны байгууллагад тэдний төлөөллийг 30-аас доошгүй хувьтай нэр дэвшүүлэн сонгохоор тохирсон. Үүний дагуу Бага хуралд 115 хүн МАХН-ын нэрээр орж ирсэн байна. Гэхдээ тэд МАХН-ын гишүүн байсан, эсэх нь эргэлзээтэй. Тухайлбал, нийслэлийн ИТХ дахь МАН-ын бүлгийн дарга асан, нэг хэсэг намаасаа хөөгдсөн С.Мөнхчулуун, АН-ын гишүүн байсан, эдийн засагч Л.Наранбаатар, “Lhamour” брэндийг үүсгэн байгуулагч Д.Хулан нарыг МАХН-ын квотоор оруулсан аж. Төрхөмдөө буцаж, шинээр элсэн, МАН-ынх гэдэг нь нэгэнт маргаангүй энэ мэт хүмүүсийг өөр намын нэрийн өмнөөс оруулах гарцаагүй шаардлага байсан бололтой. 100 мянган гишүүнтэй гэгдэж асан МАХН-аас төлөөлөл болгоод шинэ хамт олон руу нь илгээчих хүн олдсонгүй юу, эсвэл тэднийг оруулсангүй юу.
Харин Бага хурлаас хасагдсан хүмүүсийн нэг нь УИХ-ын гишүүн, сайд асан Д.Тэрбишдагва байх жишээтэй. Тэрбээр энэ талаар юу ч мэдээгүй, намын анхан шатны байгууллагаас тодорхой мэдээлэл өгөөгүйд гайхаж, бас гомдож буйгаа илэрхийлсэн юм билээ. Түүний тухайд МАН, МАХН-ыг нэгдэхэд нэлээд идэвх зүтгэл гаргасныг үгүйсгэх хүн гарахгүй болов уу. Гэвч аль ч талыг бодсон ч Бага хуралдаа байлгаж байхад буруудахгүй Д.Тэрбишдагва мэтийн хэдэн хүн ийм маягаар хасагдсан бол. Тэдний оронд ногоон гэрлээр, өөр намын нэр зээлдээд ч хамаагүй орж ирсэн хэдэн хүн байгаа бол. Энэ нь эрх баригчдын дэг журам гэж андуурдаг, дотоод ардчилалгүй байдал шалдаа бууж, байдаг л зүйл мэт болсны нэг илрэл. Нөгөө талаас жирийн гишүүд, анхан шатны байгууллагынхны дуу хоолой улам бүр алсарч, дарга, удирдлага нь “вакуумжиж”, тэд ойр ажилладаг, магадгүй хамаатан садан, ураг төрлийнхөн, найз нөхөд, “цүнхийг нь барьж” өнөөдөртэй золгосон, “халаасны” хүмүүсээрээ хүрээлүүлж байгаагийн бэлэн жишээ.
Дахиад жишээ хэлье. МАН-ын орон тооны нарийн бичгийн даргаар тус намын Намын байгуулалтын газрын дарга Н.Энхбаатар, Хэвлэл мэдээлэл, цахим бодлогын газрын дарга Ц.Чулуунзагд, орон тооны бус нарийн бичгийн даргаар УИХ-ын гишүүн, НАМЭХ-ны ерөнхийлөгч Д.Сарангэрэлийг томилсон. Н.Энхбаатар нь намын дарга У.Хүрэлсүхийн шадар туслахаар ажиллаж байсан бол Ц.Чулуунзагд нь ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалантай нэг нутаг, бүр нэг ангийн найз нь юм билээ. Хэдэн зуун мянган гишүүнтэй, боловсон хүчний баялаг нөөцтэй хэмээн сайрхдаг энэ намд нэг дор томилсон хоёр нарийн бичгийн дарга нь яагаад дарга болон нарийн бичгийн даргынх нь ойрын хүн байх ёстой гэж, бодоод үзээрэй.
Залуучуудаа дэмжинэ, манай намд үе солигдож байна гэх нэрээр хүссэн хүнээ албан тушаалд аваачиж буй тэднийг үнэн хэрэгтээ залуучууд дэмжиж байгаа бил үү. Саяхан болсон Ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажлын үеэр залуучуудын үнэн, бодитой дэмжлэг ямар хүчтэй байдгийг ХҮН-аас нэр дэвшигч Д.Энхбатыг дэмжигчдээс Ардын намынхан харж, мэдэрсэн гэж найдъя. Гэтэл нөгөө талаас залуучуудаа дэмжинэ гэж зарлан тунхаглаад байгаа энэ намд төрийн болон намын албан тушаалын давхар “дээл”-тэй Д.Сарангэрэл гэх эмэгтэйгээс өөр орон тооны бус нарийн бичгийн даргаар ажиллах бүсгүй байхгүй юм гэж үү. Хэн нэгэнд өртэй юм шиг, үргэлжийн мөнхөд албан тушаалтай байлгах ёстой юм шиг хандлага эндээс ч нэвт шувт харагдах аж.
Үнэндээ намын даргыг сонгохоос авхуулаад Бага хурал, Удирдах зөвлөлийн зарим гишүүнийг шинэчилж, өргөтгөх талаар шийдвэр гаргах үйл явц, санал хураалтад сэтгэл дундуур хүн олон байгаа юм билээ. Хуралдааныг удирдсан хүмүүс нь хурдхан шиг санал хураасан болж, алх цохихыг урьтал болгож, үг хэлэх, байр сууриа илэрхийлэх, асууж, тодруулах гэсэн гишүүдийг тээршааж, түрэмгийлэх хандлагатай байжээ. Энэ нь хоёр өдөр үргэлжилсэн хуралдааны ирц, оролцогчдын идэвх, оролцоонд нөлөөлсний зэрэгцээ “Болдог юм болдгоороо болох биз” гэх хандлага, хэдийн гарчихсан шийдвэрүүдийг зөвхөн гар өргөн баталгаажуулж, “утсан хүүхэлдэй” болгох гэж байгааг анзаарч, ундууцсан хүн цөөнгүй байжээ. Ер нь МАХН-ынхан орж ирнэ гэхэд Ардын намынхан тийм ч таатай бус, найр тавин угтах хүн тэгтлээ олон байгаагүй сурагтай. Энэ нь ч аливаа шийдвэрийг удирдлагын хэдхэн хүн, хэсэг бүлгийн хүрээнд гаргаж, жирийн гишүүдийн нэрийг барьж сурталчлан, лоббиддог арга барилаар хийдэг ажлынх нь үр дүн биз. Эрх баригч намынхан ийм арга маягаар цаашид ажиллавал “хөлөө” алдаж, АН-ын араас унах, эсэх нь гагцхүү цаг хугацааны асуудал болой.