Монгол Улсын зургаа дахь Ерөнхийлөгчөөр сонгогдсон У.Хүрэлсүх Үндсэн хуулийн уг эх дээр баруун гараа тавьж, “Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, ард түмнийхээ эрх чөлөө, үндэсний эв нэгдлийг эрхэмлэн хамгаалж, Үндсэн хуулийг дээдлэн сахиж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн үүргийг шударгаар биелүүлэхээ батлан тангараглая” хэмээн тангараг өргөж, үүрэгт ажилдаа орлоо.
Ёслол өнгөрсөн баасан гарагт Төрийн ордны “Их Монгол” танхимд болсон. Үүний өмнө Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд зориулан Төв талбайд Төрийн далбааг мандуулсан юм. Тангараг өргөх ёслол, үүнд зориулсан УИХ-ын хүндэтгэлийн хуралдааныг УИХ-ын дарга Г.Занданшатар удирдсан бөгөөд тангаргийн бичгийг тэрбээр хүлээж авлаа. Гэхдээ УИХ-ын дарга ёслолыг удирдахдаа багагүй будилж, зарим арга хэмжээний дарааллыг буруу зарлаж байлаа. Тухайлбал, У.Хүрэлсүх тангараг өргөөгүй байхад нь тэрбээр Төрийн тамгыг шилжүүлнэ гэж зарлах нь тэр.
Ингээд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Төрийн далбаанаас адис авсны дараа бүрэн эрх нь дуусгавар болж байгаа Ерөнхийлөгч Х.Баттулга Төрийн тамгыг түүнд хүндэтгэлтэйгээр хүлээлгэн өгсөн юм. Үүний дараа иргэд, сонгогчдыг төлөөлж, Монгол Улс, ОХУ-ын баатар, “Чингис хаан” одонт, сансрын нисэгч Ж.Гүррагчаа үг хэлж, хадаг, мөнгөн аягатай сүү өргөн барилаа.
Засгийн газрын гишүүд, Үндсэн хуулийн цэцийн дарга, Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгч болон УИХ-д ажлаа хариуцан тайлагнадаг байгууллагын удирдах албан тушаалтан, улс төрийн намын удирдлага болон Монголын үе үеийн төр, нийгмийн зүтгэлтэн, гадаадын дипломат төлөөлөгчдийн газрын тэргүүн, урлаг, соёлынхон, иргэдийн төлөөлөл зэрэг 300 гаруй зочин ёслолд оролцов. Харин МҮОНТ-ээр шууд дамжуулж байгаа хэмээн хэвлэлийнхнийг үндсэндээ оролцуулаагүй. Түүнчлэн ёслолд оролцсон “Вандэбо” хамтлагийн гишүүн танхимд электрон тамхи татсан нь олон нийтээс багагүй шүүмжлэл дагуулав.
“АРД ТҮМНИЙХЭЭ ЭВ НЭГДЛИЙГ НҮДНИЙ ЦЭЦГИЙ МЭТ ХАЙРЛАН ХАМГААЛНА”
Ийнхүү Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ард түмэндээ хандан үг хэлэв. Тэрбээр “Нийгэмд шударга ёс тогтооход нэн чухал асуудал бол хараат бус шударга шүүх, прокурорын байгууллагатай байх явдал юм. Иймд миний бие нийгэмд шударга ёс тогтоохын төлөө, хүн засагладаггүй, хууль засагладаг, ардчилсан, шударга төрийг жинхэнэ утгаар нь байгуулахын төлөө хичээн зүтгэх болно. Задарсныг нь засагладаг, ядарсныг нь хайрладаг төртэй байх ёстой.
Энэ бол Монгол төр юм. Монгол хүн эх орон, газар нутагтаа эзэн байж, байгалийн баялгийнхаа үр шимийг адил тэгш хүртэх явдал шударга ёсны бас нэгэн зарчим. “Баялагтаа эзэн Монголын төлөө” гэсэн ард түмний минь хүсэл тэмүүлэл, Төрийн тэргүүн миний байр суурь цаашид ч улам биеллээ олж, үр шим, өгөөжийг нь манай ард түмэн хүртэнэ гэдэгт итгэл төгс байна. Гэхдээ газрын хэвлийн баялаг дундардаг, харин манай ард түмний оюун санааны баялаг ундардаг гэдгийг бид ямагт санаж байх ёстой. Тийм учраас байгаль дэлхийгээ хайрлан хамгаалж, баялгаа ариг гамтай, зүй зохистой ашиглах явдал нэн чухал гэдгийг монгол хүн бүр оюун санаа, зүрх сэтгэлдээ бодож явах учиртай. Монголын ард түмний хамгийн том баялаг бол монгол хүн та өөрөө юм. Учир иймд Төрийн тэргүүн миний бие дэлхийд өрсөлдөх чадвартай монгол хүнийг хөгжүүлэх, өв соёл, үүх түүх, ёс заншлаа дэлхий нийтэд сурталчлан таниулах, үр хүүхдүүддээ өвлүүлэн үлдээх, залуу хойч үеэ эх оронч үзлээр хүмүүжүүлж, ард иргэдээ соён гэгээрүүлэх ажилд төрийн бодлогыг чиглүүлэн ажиллах болно. Түүнчлэн эх дэлхий, ургамал амьтан, уул ус, байгаль орчноо хайрлан хамгаалах явдлыг бүх нийтийн үйлс болгон өрнүүлж, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, хөрс ус, агаарын бохирдол, уул уурхай, үйлдвэржилтээс бий болсон байгалийн доройтлыг нөхөн сэргээх зэрэг эко системийн тэнцвэрт байдлыг хадгалах талаар идэвх санаачилга гарган, төрийн бодлогын цөм, түмэн олны үйл хэрэг болгох нь зүйтэй хэмээн үзэж байна.
Улс орны минь тусгаар тогтнол, оршин тогтнохын үндэс нь эх орон, газар шороо, хэл соёл, ард түмэн минь билээ. Энэхүү үнэт зүйлсийн амин холбоо, алтан гагнаас нь Монголын ард түмний эв нэгдэл юм. Миний бие Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувьд ард түмнийхээ эв нэгдлийг нүдний цэцгий мэт хайрлан хамгаалж, зөвийг сахиж, эвийг эрхэмлэсэн, эвлэрлийг дэмжсэн Төрийн тэргүүн байх болно. Харин Монголын ард түмний язгуур эрх ашиг, улс орны тусгаар тогтнол, аюулгүй байдал, үндэсний эв нэгдлийн эсрэг аливаа бусармаг үйлдэлтэй хатуу тэмцэх болно гэдгээ энэ эрхэм индрээс илэрхийлье. Монголын ард түмний ололт амжилт, үнэт зүйл болсон хүний эрх, эрх чөлөө, эв нэгдлийг эрхэмлэн дээдэлсэн, ардчилсан төр, засгаа бэхжүүлж, парламентын засаглалыг улам төгөлдөржүүлэх, хүн бүр тэгш эрх, боломжоор хангагдсан, хүмүүнлэг, иргэний, ардчилсан нийгмийг хөгжүүлэхийн төлөө ард түмэн, улс төрийн нам, эвсэл, иргэний нийгмийн байгууллагуудтайгаа хамтран ажиллах болно.
Миний бие Монгол төрийн гадаад бодлогын залгамж чанарыг хангаж, мөнхийн хоёр хөрш болон гуравдагч хөршийн бодлогын хүрээнд дэлхийн бусад улс оронтой тогтоосон найрсаг харилцаа, хамтын ажиллагааг илүү өргөн цар хүрээнд хөгжүүлэхийн төлөө, энхийг эрхэмлэсэн, нээлттэй, бие даасан, олон тулгуурт гадаад бодлогыг тууштай явуулах болно. Мөн НҮБ болон олон улсын яриа хэлэлцээний тавцанд Монгол Улсын нэр хүнд, оролцоог сэргээн бататгаж, бүс нутгийн болон олон улсын байгууллагуудтай үр өгөөжтэй хамтын ажиллагааг хөгжүүлэхийн төлөө санал санаачилга гарган, идэвхтэй хамтран ажиллана.
Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн хувьд батлан хамгаалахын эрх зүйн шинэчлэлийг гүнзгийрүүлэх, төрийн цэргийн байгууллагын нэгдмэл байдлыг хангах, зэвсэгт хүчнийг мэргэшсэн, чадварлаг болгон хөгжүүлэх, цэрэг дайчдыг энхийг сахиулах болон улс орны стратегийн бүтээн байгуулалтад оролцуулах, улсын хил хамгаалалтыг бэхжүүлэх, цэргийн цолны үнэлэмж, зохист харилцааг бий болгох, төрийн цэргийн байгууллагын алба хаагчдын нийгмийн асуудлыг сайжруулахад илүүтэй анхаарах болно.
XXI зуунд монголчууд бид улс орныхоо тусгаар тогтнол, аюулгүй байдлыг улам бататган бэхжүүлж, олон улсын тавцанд Монгол Улсын нэр хүндийг улам өндөрт өргөн, эдийн засгийн тусгаар тогтнол, бие даасан байдлаа хангаж, ард иргэд нь аз жаргалтай, сэтгэл хангалуун, тэгш дүүрэн амьдрах боломжтой, хүчирхэг улсыг цогцлоон хөгжүүлэх их үйлсийг эхлүүлж байна. Энэ ажлын эхлэл бол манай улс халамжаас хөдөлмөрт, олборлолтоос боловсруулалтад, импортоос экспортод шилжих явдал юм. “Ажил хийвэл дуустал, давс хийвэл уустал” гэсэн ардын сайхан үг бий. Сүүлийн жилүүдэд та, бидний эхлүүлсэн газрын тос, ган, саарал ус, сайжруулсан түлшний үйлдвэр, байгалийн хийн хоолой, цэвэрлэх байгууламж, шинэ нисэх онгоцны буудал, эрчим хүч, дэд бүтэц, авто зам, төмөр замын салбарт хийсэн томоохон бүтээн байгуулалт, харилцаа холбоо, мэдээллийн технологийн шинэчлэл, хөдөө аж ахуй, газар тариалан, аялал жуулчлал, соёл, боловсрол, эрүүл мэнд, спортын салбарт хийсэн томоохон төсөл, хөтөлбөрүүдээ улам эрчимжүүлж, үр дүнг нь үзэх зайлшгүй шаардлагатай байна. Үүний зэрэгцээ хүнд ба хөнгөн үйлдвэрүүдийг барьж байгуулан, алт, зэс, төмөр, нүүрс болон байгалийн бусад баялаг, малын гаралтай түүхий эдээ эцсийн бүтээгдэхүүн болгон боловсруулдаг, аж үйлдвэржсэн, экспортлогч орон болох зорилтыг бодит ажил хэрэг болгохын төлөө УИХ, Засгийн газрыг хуулийн хүрээнд дэмжиж, хамтран ажиллах болно” хэмээсэн юм.
БАЯРЫН ЁСЛОЛ БА БАРИВЧИЛГАА
Дараа нь Ерөнхийлөгч У.Хүрэлсүх жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ. Мөн цэргийн ёслол болсон бөгөөд ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Д.Ганзориг Зэвсэгт хүчний ерөнхий командлагчид илтгэл өгсний дараа Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нийт бие бүрэлдэхүүнд хандаж үг хэлэв. Ерөнхийлөгч үг хэлж дуусахад ЗХЖШ-ын үлгэр жишээ үлээвэр найрал хөгжим Төрийн дуулал эгшиглүүлж, ёслолын буудлага хийснээр цэргийн ёслол өндөрлөлөө. Олон нийтийн эсэргүүцэл, цар тахал, халдварын улмаас цэргийн ёслолын жагсаалыг цуцалсан гэх тайлбарыг албаны хүмүүс хэлж байсан. Гэсэн ч талбайд болсон эдгээр ёслолын арга хэмжээг цөөнгүй хүн шүүмжилж байлаа. Түүнчлэн талбайд жагсаж байсан алба хаагч ухаан алдаж, бүр нас барсан гэх мэдээлэл ч гараад амжсан. Харин үүнийг “хэргийн эзэн” үгүйсгэж, эрүүл саруул байгаагаа уламжилна лээ. Үүний зэрэгцээ цэргийн үлээвэр хөгжимчид амны хаалтаа цоолон бүрээгээ үлээснийг шоолж, оновчтой зохион байгуулж чадаагүй хэмээн шүүмжилсэн юм. Мөн ёслолын үеэр Төв талбайн ойролцоо зогсож, үзэл бодлоо илэрхийлсэн иргэдэд цагдаа нар хүч хэрэглэж, баривчлан саатуулсан нь олон нийтийн сүлжээнд багагүй шүүмжлэл дагууллаа. Мөн Зон олны намын дарга Э.Одбаяр тэргүүтэй зарим иргэн эл өдөр жагсаал хийхээ мэдэгдээд байсан ч гэрээсээ гарч явахад нь цагдаагийн байгууллагаас албан хүчээр саатуулж байгаа бичлэг цахим орчинд цацагдсан юм.
ТАМГЫН ГАЗРЫН ДАРГААР Я.СОДБААТАР, ҮАБЗ-ИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГААР Ж.ЭНХБАЯРЫГ ТОМИЛЛОО
Түүнчлэн Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын шинэчлэн баталсан журмын дагуу бүрэн эрх нь дуусгавар болсон Ерөнхийлөгч Х.Баттулга Төрийн есөн хөлт Их цагаан туганд мэхийн ёсолж, адис авав. Төрийн ордны зүүн хаалган дээр хүндэт харуулууд жагсаж, УИХ-ын дэд дарга, Тангараг өргөх ёслол, хүндэтгэлийн ажиллагааны ажлын хэсгийн ахлагч Т.Аюурсайхан, Төрийн ёслолын газрын дарга Э.Одмөнх, ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Д.Ганзориг, Төрийн тусгай хамгаалалтын газрын дарга П.Батаа нар бүрэн эрх нь дуусгавар болсон Ерөнхийлөгчийг үдэн гаргалаа.
Энэ өдөр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх анхны зарлигаа гаргаж, Тамгын газрын даргаараа Шадар сайд асан Я.Содбаатар, ҮАБЗ-ийн нарийн бичгийн даргаар УИХ-ын гишүүн Ж.Энхбаярыг томиллоо. Мөн Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд даргаар А.Үйлстөгөлдөр, Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны даргаар Ө.Золбаяр нар ажиллах юм байна. Тэдний хэн хэн нь У.Хүрэлсүхийг Ерөнхий сайд, намын дарга байхад нь ойр ажиллаж, шадарлаж ирсэн юм.
Ташрамд дурдахад, Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден баяр хүргэж, баярын цахилгаан илгээж, ардчиллын нийтлэг үнэт зүйлсэд тулгуурлан, Монгол Улсын гуравдагч хөршийн хувьд стратегийн түншлэлээ бэхжүүлэхдээ таатай байхаа илэрхийлсэн байна.
Бэлтгэсэн : Б.Номин