Монгол Улсын зургаа дахь Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Төрийн ордны Их Монгол танхимд Ерөнхийлөгчийн тангараг өргөлөө. Энэ үеэр хэлсэн онцлох ишлэлийг хүргэе.
- "Миний бие нийгэмд шударга ёс тогтоохын төлөө хүн засагладаггүй, хууль засагладаг, ардчилсан шударга төрийг жинхэнэ утгаар нь байгуулахын төлөө хичээн зүтгэх болно. Задарсныг нь засагладаг, ядарсныг нь хайрладаг төртэй байх ёстой.
- Баялагтаа эзэн Монгол гэсэн ард түмний минь хүсэл тэмүүлэл, төрийн тэргүүн миний байр суурь цаашид ч улам биеллээ олж, үр шим, үр өгөөжийг нь манай ард түмэн хүртэнэ гэдэгт итгэл төгс байна.
- Гэхдээ газрын хэвлийн баялаг бол дундардаг баялаг. Тийм учраас байгаль дэлхийгээ хайрлан хамгаалж, байгалийн баялгаа ариг гамтай зүй зохистой ашиглах явдал нэн чухал гэдгийг Монголын хүн бүр оюун санаандаа бодож явах учиртай юм.
- Монголын хамгийн том баялаг бол монгол хүн та өөрөө юм. Төрийн тэргүүн миний бие дэлхийд өрсөлдөх чадвартай монгол хүнийг хөгжүүлэх, өв соёл, үүх түүх, ёс заншлаа дэлхий нийтэд сурталчлан таниулах, үр хүүдүүддээ өвлүүлэн үлдээх, залуу хойч үеэ эх оронч үзлээр хүмүүжүүлж, ард иргэдээ соён гэгээрүүлэх чиглэлд төрийн бодлогыг чиглүүлэн ажиллах болно.
- Түүнчлэн эх дэлхий, ургамал амьтан, байгаль орчноо хайрлан хамгаалах явдлыг бүх нийтийн үйлс болгон өрнүүлж, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, ус, хөрс, агаарын бохирдол, уул уурхай, үйлдвэрлэгчдээс бий болсон байгалийн доройтлыг нөхөн сэргээх зэрэг экологийн тэнцвэрт байдлыг хадгалах талаар идэвх санаачилга гарган төрийн бодлогын цөм, түмэн олны үйл хэрэг болгох нь зүйтэй хэмээн үзэж байна.
- Миний бие Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувьд ард түмнийхээ эв нэгдлийг нүдний цөцгий мэт хайрлан хамгаалж, зөвийг сахиж, эвийг эрхэмлэсэн, эвлэрлийг дэмжсэн төрийн тэргүүн байх болно" гэлээ.