Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж, өндөрлөлөө. Хуралдаанаар жуулчин тээврийн нислэгийн тоо, давтамж, чиглэлийг нэмэх асуудлыг хэлэлцлээ. Улмаар агаарын тээвэр болон аялал жуулчлалын салбарыг харилцан уялдаатай өргөжүүлэн хөгжүүлэх чиглэлээр 2024 он хүртэл хамтарсан төлөвлөгөө гаргаж ажиллахыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан, Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар нарт үүрэгджээ.
Үүний хүрээнд жуулчин тээврийн нислэгийн тоо, давтамж, чиглэлийг нэмэх зорилгоор зохион байгуулалтын цогц арга хэмжээ авахаар болсон гэнэ. Шаардлагатай бол зарим чиглэлд хямд үнээр нислэг хийхэд тээвэрлэгч компаниудад дэмжлэг үзүүлэх, шинээр нислэгийн чиглэл нэмэх, жуулчин тээврийн нислэгийн зөвшөөрлийг эрт олгож байх зэргийг холбогдох албан тушаалтнуудад даалгажээ.