Ковидын түр хорооны хуралдаан өнөөдөр болж, манай улсад үүсээд буй цар тахлын нөхцөл байдлын талаар хэлэлцлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн Т.Доржханд "Манай улсад Энэтхэгт дэгдээд буй мутацад орсон "дельта" хэлбэрийн коронавирусийн халдвар тархаад байна. Энэ нь өнгөрсөн удаад тухайн улсаас манайх руу нэвтэрсэн 60 иргэний 15 нь халдвар авсан байсантай холбоотой. Анх БНХАУ-ын Ухань хотод дэгдээд байсан коронавирусийн халдвар хүүхдүүдэд хүндээр нөлөөлдөггүй байсан. Харин Энэтхэгээс гаралтай мутацад орсон нь бага насныханд хүндээр нөлөөлдөг боллоо. Мутацад орсон вирусийн эсрэг "Pfaizer" вакцин ямар хариу урвал үзүүлж байгаа талаарх судалгааны ажлын хариуг өчигдөр олон нийтэд танилцуулсан байна лээ. Эл вакцины эхний тунг хийлгэсний дараа Энэтхэгээс гаралтай, мутацад орсон "дельта" хэлбэрийн вирусийн эсрэг 33, II тунгийн дараа 88 хувийн дархлаа тогтож байна. Тиймээс энэ мэт судалгаанд суурилсан шийдвэрийг Засгийн газраас гаргах хэрэгтэй байна" гэлээ.