Ерөнхийлөгч Х.Баттулга 10 хоногийн дараа У.Хүрэлсүхэд халаагаа өгнө. Энэ мөчид түүний Тамгын газрын дарга, зөвлөхүүд ч Төрийн ордныг орхих юм. Иймд төр тэргүүлэх болзол хангаад буй У.Хүрэлсүх ч багаа бүрдүүлж байгаа нь лав, хэнийг хаана томилох вэ гэдэг сураг ажиг хэдийн гарчихаж. Ерөнхийлөгч хамгийн түрүүнд томилдог албан тушаалтан бол түүний Тамгын газрын дарга. Тэгвэл энэ удаа тус албанд УИХ-ын гишүүн, сайд асан Я.Содбаатар очих нь үндсэндээ тодорхой болжээ.
Тэрбээр таван сарын өмнө У.Хүрэлсүхийн Засгийн газарт шадарлан ажиллаж байв. Шадар сайдын хувьд Улсын онцгой комиссыг ахалж, коронавирусийн цар тахалтай тэмцэх, урьдчилан сэргийлэх ажлыг гардан удирдаж, зохион байгуулсан Я.Содбаатарыг Засгийн газраа унагасан гэмтэй гэх нь бий. Гэвч төрөөд удаагүй эхийг нярайн хамт нүцгэн шахам авч явсны хариуцлагыг Шадар болон Эрүүл мэндийн сайдаараа үүрүүлэх бус, бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорч төлсөн хүн нь У.Хүрэлсүх. Иймд ирэх зургаан жилд ч тэрбээр У.Хүрэлсүхэд шадарлаж, хамгийн ойрын хүн нь байх бололтой. Үнэндээ тэдний хамтрал хоёр, гурван жилээр хэмжигдэхгүй. 20 гаруй жилийн өмнө У.Хүрэлсүх МАСЗХ буюу өнөөгийн “Нийгмийн ардчилал” МЗХ, Ардын намынхны заавал дамжих ёстой шат, өөдөө гарах гишгүүр болсон ТББ-ын ерөнхийлөгчөөр ажиллаж байхад ч Я.Содбаатар шадарлаж явсан юм. Тус холбоонд ерөнхий нарийн бичгийн даргаар ажилласнаар түүний улс төрийн замнал эхэлсэн гэж хэлж болно. Үүнээс хойш ч тэд ойрхон ажиллаж байсан бөгөөд У.Хүрэлсүх мэргэжлийн хяналтын асуудал эрхэлсэн сайдаар хоёр жил ажиллаад, 2008 онд огцорсны дараах жилд нь Я.Содбаатар Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дэд даргаас дарга болон дэвшсэн түүхтэй. Ингээд У.Хүрэлсүх 2012 он хүртэл, дөрвөн жилийн турш намынхаа “гал тогоо”-г барьж, ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллахад ч тэр тэнд нарийн бичгийн даргаар ирсэн байдаг. 2012 оны сонгуулиар тэд бас л хамтдаа парламентын гишүүн болсон. Харин 2016 онд Өвөрхангай аймгаас УИХ-д улиран сонгогдсон Я.Содбаатар өнгөрсөн сонгуулийг өнжсөн нь учиртай. 2020 оны сонгуулийн үр дүнд байгуулагдсанаас өмнөх Засгийн газарт, аанай л У.Хүрэлсүх Ерөнхий сайд байхад Зам, тээврийн хөгжлийн сайд болон танхимд нь “давхар дээл”-тэй гишүүнээр томилогдож байлаа. Гэвч тэрбээр ЖДҮХС-гаас өөрсдөдөө болон ойр тойрныхондоо зээл авсан гэх албан тушаалтнуудын жагсаалтад багтсан тул Зам, тээврийн хөгжлийн сайдаас хүсэлтээрээ чөлөөлөгдсөн юм. Ийнхүү ёс зүйн хариуцлага үүрч УИХ-ын сонгуульд нэр дэвшээгүй тэрбээр 2020 онд намынхаа штабыг ахлан ажилласан юм билээ. Хэлхээтэй юм шиг явж ирсэн тэд энэ удаа ч гар нийлэн ажиллах биз. Ер нь Ерөнхийлөгчийн ажлын алба, ар тал нь болсон Тамгын газрыг хэн удирдан чиглүүлэх вэ гэдэг нь чухал.
Төрийн тэргүүнээс том толгой гаргах уу, үхсэн, амьд нь мэдэгдэхгүй ажиллах уу гэдэг нь Тамгын газрын даргаар томилогдох нэгний хувь хүний араншин, улстөрчийн зангараг, байр сууриас ихээхэн хамаарахыг өнгөрсөн жилүүдийн хоршил харуулсан билээ. Ерөнхийлөгч бүрэн эрхээ бүтэн эдэлж, олон нийтээс олигтойхон дүн авах, эсэх нь түүний ард хэр зэрэг чадварлаг, зохион байгуулалттай баг ажиллаж буйтай шууд холбоотойг ч бид бэлхнээ харсан шүү дээ. Мэдээж энэ албанд очих магадлалтай хүмүүсийн жагсаалтад Я.Содбаатар ганцаараа байгаагүй. Нэр нь хамгийн их яригдсан (яригдсаар буй) хүн бол МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан. 2016 оноос хойш эрх баригч намын “гал тогоо”-г барихдаа парламентын сонгуульд дараалан үнэмлэхүй ялж, 2009 оноос хойш АН-д алдсан Ерөнхийлөгчийн суудлыг МАН-д авчрахад гаргасан түүний хичээл зүтгэлийг үнэлээд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга болголоо гэхэд гайхах зүйлгүй. Тэр ч бүү хэл, түүнийг намын дарга, Ерөнхий сайд болох нь гэх яриа ч гарч байгаа.
Гэхдээ Д.Амарбаясгалан гүйцэтгэх засаглалын тэргүүн хийгээд Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын суудалд шуналгүй, намдаа одоогийн байр сууриа хадгалан ажиллах нь баттай бололтой. Өдгөө намаас дэмжлэг авч албан тушаалд хүрсэн хэн боловч Д.Амарбаясгалангийн амыг харж, албан өрөөнийх нь үүдийг сахиж байгаа. Тиймээс ч Ерөнхийлөгч, Засгийн газар, УИХ гээд бүхий л шатанд хяналтаа тогтоогоод буй эрх баригч намын ажлыг гардан хариуцаж байгаа түүний байр суурь ойрын дөрвөн жилд бэхжинэ үү гэхээс сулрахгүй. Тэрбээр 2024 оны сонгууль, түүний үр дүнд тулгуурлан үүнээс цааш хөдөлсөн ч түүнд нас, нөлөө, боломж хангалттай байх юм. Үүнтэй холбоотойгоор хэлэхэд Л.ОюунЭрдэнийн Засгийн газар үргэлжлүүлэн ажиллах, эсэхдээ айхааргүй болсон сурагтай. Өөрөөр хэлбэл, ирэх сараас урьтаж МАН-ынхан их хурлаа хийж, түүнийг намын даргаар сонгохоор эрх баригч намын удирдлага, шийдвэр гаргах түвшнийхэн үндсэндээ ойлголцсон гэнэ. Ингэснээр намын даргад горилох замаар Засгийн газрын тэргүүний суудалд сэм санаархагчид хүсэл, шуналаа татаж байгаа сурагтай. Харин ирэх намар Засгийн газар хоёр яам шинээр байгуулахаар бэлтгэж байгаа бөгөөд тэнд сайд нарыг томилох, одоо ажиллаж буй танхимын зарим нэг гишүүнийг өөрчлөх гэх зэргээр хөдөлгөх юм байна. Нэг талаас энэ нь МАХН-ын зарим төлөөллийг Засгийн газрын бүрэлдэхүүнд багтаах амлалтдаа хүрэх гэсэн ажлынх нь илрэл байх болов уу. Дуншиж буй бүтцийн нэг нь Цахим хөгжлийн яам байх бол өдгөө Эрчим хүчний яаманд харьяалагдаж байгаа зарим чиг үүргийг салган, тусад нь төвхнүүлэхээр ярилцаж буй аж.
Тодруулбал, аймгуудын болон улсын хэмжээний ач холбогдолтой эрчим хүчний эх үүсвэр барих болон бусад томоохон бүтээн байгуулалтын төсөл, хөтөлбөрүүдийг хариуцан ажиллах яамыг тусад нь гаргах гэнэ. Ерөнхий сайдын хувьд энэ зэргийн хөдөлгөөн хийж, сайд нарыг томилж, өөрчлөх эрхтэй болсон тул үүнийг хийх гэж намынхнаа болон хууль тогтоогчдыг царайчлах шаардлагагүй билээ. Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргад яригдаж байсан өөр нэг хүн бол УИХ-ын гишүүн, сайд асан Ж.Энхбаяр. Тэгвэл Я.Содбаатартай адил шалтгаанаар сонгуульд өрсөлдөлгүй, улс төрөөс зай барих болсон түүнийг ҮАБЗ-ийн нарийн бичгийн даргаар томилох сурагтай. Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга болон ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга нь төрийн өндөр албан тушаалтны зэрэг, зиндааны хувьд ижил. Гэхдээ нарийн бичгийн дарга нь тусгай албан тушаал бөгөөд ажиллах хугацаандаа улс төрийн намын гишүүнчлэлээ түдгэлзүүлдэг бол Тамгын газрын дарга нь улс төрийнх байдаг. Ж.Энхбаяр нь У.Хүрэлсүхийг Ерөнхий сайд байхад ахлах зөвлөхөөр нь ажиллаж байсан юм. Түүний өмнө Б.Энх-Амгалан ажлын албыг нь ахлан, эл албанд зөвлөхөөр томилогдож байв. Зөвлөхүүдийн тухайд У.Хүрэлсүх Ерөнхий сайд болон МАН-ын даргаар ажиллаж байхдаа томилсон хүмүүсээ “татах” гэнэ. Зөвлөхөөр ажиллаж байсан хүмүүсийн заримыг дурдвал, Улсын нөөц бүрдүүлэлтийн газрын дарга асан Л.Алтангэрэл орчны бохирдол, нийгмийн асуудал хариуцаж байв. Мөн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах зөвлөхөөр А.Үйлстөгөлдөр ажилласан бөгөөд Засгийн газрын тэргүүн байхад нь хэвлэлийн төлөөлөгчийн үүрэг гүйцэтгэсэн Ө.Золбаяр нар Ерөнхийлөгчийн Тамгын газарт ирэх сурагтай. Ингэхдээ Ө.Золбаяр хэвлэл мэдээлэл хариуцсан албыг нь хариуцах юм байна. Түүнчлэн УИХ-ын гишүүн асан Д.Оюунхорол, Эрүүл мэндийн сайд асан Т.Мөнхсайхан нар МАН-ын даргын хувьд түүнд зөвлөж байлаа. Одоогийн Ерөнхийлөгч албан ёсны найман зөвлөхтэй ажиллаж буй бөгөөд өмнөх Төрийн тэргүүн нар ч 10 орчим хүнийг энэ албанд томилж байжээ.