Ардчилсан намаас УИХ-д сонгогдож байсан гишүүн асан Б.Пүрэвдорж, З.Нарантуяа, Х.Тэмүүжин нар цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тэд Ардчилсан намын онц их хурлыг зарлахыг шаардаж, 100.000 гишүүний гарын үсэг цуглуулах аян эхлүүлж байгаа талаар мэдээлэв. Энэ үеэр УИХ-ын гишүүн асан Б.Пүрэвдорж "Ардчилсан намын удирдлагууд дотоод асуудлаа шийдвэрлэн, тэргүүнээ сонгох ёстой. Намын шилдгүүдийн хагарал энгийн гишүүдийн итгэл үнэмшилд муугаар нөлөөлж байна. Тиймээс дотооддоо хагарсан удирдлагууд яаралтай хурал зарлаж, нэг даргатай болох нь чухал асуудал боллоо. Ингэхийн тулд Ардчилсан намын 100.000 гишүүн гарын үсэг цуглуулна. Монгол орон даяар тархсан 1510 багийн намын үүрийн дарга нар болон нийслэлийн 200 орчим хорооны хэсгийн ахлагчид гишүүдийнхээ гарын үсгийг цуглуулахаар болсон" гэв.