Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшсэн С.Эрдэнэ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрбээр "Энэ удаагийн сонгууль маш их хэмжээний мөнгө тараалтын балгаар будлиантай болж өндөрлөлөө. МАН-ынхан мөнгө тараасан гэх баримтууд хангалттай бий. Зөрчлийн болон эрүүгийн олон хууль, тогтоомж зөрчсөн. Үүнийг нь холбогдох газрынхан шалгаж, арга хэмжээ авна гэж найдаж байна. Гэвч Сонгуулийн ерөнхий хорооноос МАН-ын нэр дэвшигч У.Хүрэлсүхийг Монгол Улсын дараагийн Ерөнхийлөгч болгох тогтоолыг баталсан учир миний бие үүнийг нь хүлээн зөвшөөрч байна. Түүнд улс төрийн нөхцөл байдал ээдрээтэй байгаа энэ үед Монголын ард түмэн амласан амлалтдаа хүрээрэй хэмээн захья" гэв.
Мэдээлэл хийж байх үеэрээ тэрбээр сэтгүүлчийн асуусан "Таны улс төрийн карьер энэ удаагийн ялагдлаар өндөрлөх үү" хэмээх асуултад "Миний улс төрийн карьерт цэг тавихыг хүсдэг олон хүн бий. Тэдэнд хандаж хэлэхэд миний карьер үүгээр дуусахгүй. Би ардчиллын төлөө 31 жил зүтгэсэн" гэв.