Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны сонгууль дууссантай холбогдуулан ХҮН намаас мэдээлэл хийлээ. Тодруулбал, тус намын гишүүн Т.Доржханд “У.Хүрэлсүх, С.Эрдэнэ нартаа баяр хүргэж, амьдралд нь сайн сайхныг хүсье. Мөн Д.Энхбатад саналаа өгсөн 246 955 сонгогч нартаа маш их баярлалаа. Манай намыг дэмжсэн сайн дурын залуучууд халуун халж, хүйтэн хөрж, бүх зүрх сэтгэлээрээ ажилласан. 2020 оны сонгууль ХҮН намд 209 000 мянган иргэн саналаа өгч байсан. Жилийн дотор бидний дэмжигчдийн тоо 50 мянгаар өсжээ. Санал өгсөн иргэдийн 20 орчим хувь нь биднийг дэмжиж байгааг хоёр удаагийн сонгуулиар баталлаа. Цаашдаа бодлого, зарчим, үнэт зүйлээрээ өрсөлддөг улс төрийн шинэ соёлыг бий болгохын тулд бид хичээж ажиллах болно. Монгол Улсын төрийн тэргүүний босго өндөр байг. Бид өнөөдрөөс эхэлж МАН-ын буруу шийдвэрт сөрөг хүчний байр сууриа хүчтэй илэрхийлж, сайн зүйлийг нь дэмжин ажиллах болно” хэмээв.
Ташрамд дурдахад, гадаад оршин суугаа иргэдийн 75.4 хувь нь Д.Энхбатад саналаа өгсөн. Мөн ХҮН нам энэ жилийн сонгуулиар 1.2 тэрбум төгрөгийн зардал гаргасан бөгөөд дийлэнх хувийг гадаад байгаа иргэд хандивласан аж.