Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Дархан-Уул, Сэлэнгэ, Орхон аймагт ажиллаж буй. Тэрбээр өнөөдөр Орхон аймгийн удирдлагуудтай уулзаж, бүтээн байгуулалтын ажлын талаар санал солилцлоо. Энэ үеэр Орхон, Дархан-Уул аймагт нийслэлийн иргэдийг төвлөрүүлэх зорилготойгоо илэрхийлж, орон сууцын төслийн зардалд Засгийн газраас дэмжлэг үзүүлнэ гэдгээ илэрхийлэв. Ингэхдээ зохион байгуулалт, хот төлөвлөлтийг нарийвчлан хийхийг анхааруулж, хотод суурьших иргэдээс өндөр татвар авч, орон нутагт ажиллаж, амьдрахад нь тэтгэлэг олгох хэлбэрийн төсвийн реформ хийнэ гэдгээ мэдээлэв. Эл бодлогын хүрээнд Дархан-Уул, Орхон аймагт хүн амын төвлөрөл бий болгон, орон сууцыг нэмэгдүүлэх ажилд дэмжлэг үзүүлэх аж.