УИХ-ын хаврын ээлжит чуулган 54 гишүүний ирцтэйгээр өнөөдөр хуралдлаа.
Чуулганы нэгдсэн хуралдаанаар Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг шийдвэрлэв. Уг хуулийн төслийг УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин, Ж.Батжаргал, Д.Батлут, Х.Болорчулуун, Г.Ганболд, Н.Наранбаатар, Ц.Сандаг-Очир, Д.Өнөрболор нар санаачилж, энэ сарын 04-нд өргөн мэдүүлсэн. Төсөл санаачлагчдыг төлөөлж Т.Энхтүвшин энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлийг нэгдсэн хуралдаанд танилцуулав. Олон улсын валютын сангийн өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт Монгол Улс 2017 оноос хамрагдаж, энэ тохиролцооны хүрээнд зарим төрлийн татвар болон нийгмийн даатгалыг нэмэгдүүлэх үүрэг хүлээж, нийгмийн даатгалын шимтгэлийг 2018 онд хоёр, 2019 онд нэг, 2020 онд хоёр хувиар өсгөж хуульчилсан нь нийгмийн даатгалын тогтолцоог бэхжүүлэх, тус санд ачаалал үзүүлэхгүй байх ач холбогдолтой шийдвэр хэмээн үзжээ. Гэвч цар тахлын үед аж ахуй нэгж, байгууллага, иргэдийн ашиг орлого буурч, татварын ачаалал үүсгэж байгаа тул нийгмийн даатгалын шимтгэлийг тодорхой хувиар бууруулах шаардлагатай гэж үзсэний үндсэн дээр уг хуулийн төслийг боловсруулжээ.
Хуулийн төсөлд ажил олгогч болон даатгуулагчаас төлөх тэтгэврийн даатгалын шимтгэлийн 9.5 хувийг 2021 оны долоодугаар сарын 01-ний өдрөөс эхлэн тус бүр 8.5 хувь болгож бууруулахаар тусгасан бөгөөд ийм өөрчлөлт оруулснаар иргэд, аж ахуйн нэгжид үүсэх дарамт багасаж, ажлын байраа хадгалах, цаашид нэмэгдүүлэх боломж бий болно гэж төсөл санаачлагчид үзсэн байна.
Ингээд санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 75.4 хувь нь Нийгмийн даатгалын сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжсэн тул төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Нийгмийн бодлогын байнгын хороонд шилжүүллээ.