Ерөнхийлөгчийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг ХЗДХЯ-ны холбогдох ажлын хэсэг боловсруулж, олон нийтээс санал авч байна. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд уг хуулийг нийцүүлэх, удахгүй сонгогдох Ерөнхийлөгчийг шинэ хууль, эрх зүйн орчинд ажиллуулах үүднээс дээрх төслийг УИХ-аар хэлэлцэх аж. Төсөл нь таван бүлэг, 26 зүйлтэй бөгөөд Ерөнхийлөгчийн бүрэн эрхэд хамаарах чиглэлээр голчлон өөрчлөлт оруулжээ. Тухайлбал, төслийн 9.2-т “Ерөнхийлөгчид Үндсэн хуульд заасан үндсэн бүрэн эрхийн хүрээнд үл хамаарах бүрэн эрхийг хуулиар олгохгүй” гэж заасан аж. Өөрөөр хэлбэл, хууль санаачлах, хууль тогтоомжид хориг тавих, өөрийн эрхэд хамаарах асуудлаар Засгийн газарт чиглэл өгөх, гадаад харилцаанд улсаа төлөөлөх, Элчин сайд нарыг томилох, чөлөөлөх, Монгол Улсын харьяат болох, харьяатаас гарах, улсын цол, одон медаль хүртээх, уучлал үзүүлэх, бүх нийтийн болон хэсэгчилсэн дайчилгаа зарлах эрхийг Үндсэн хуулиар Ерөнхийлөгчид олгосон. Мөн бүх шатны шүүхийн шүүгч, Улсын ерөнхий прокурор, түүний орлогч нарыг томилж, чөлөөлөх эрхтэй бөгөөд ҮАБЗ-ийг тэргүүлж, үндэсний эв нэгдлийг илэрхийлэгч байх ёстой. Үүнээс өөр бүрэн эрхийг Ерөнхийлөгч хэрэгжүүлэх боломжгүй. Тиймээс үүнд нийцүүлэн Төрийн тэргүүний эрх, үүргийг төсөлд нарийвчлан тусгажээ.
Ерөнхийлөгчийн УИХ-тай харилцах бүрэн эрхэд “Ээлжит бус чуулган хуралдуулах санаачилга гаргах, анхдугаар чуулганыг товлон зарлаж, хуралдуулах, парламентад олонх болсон нам, эвслээс нэр дэвшүүлсэн хүнийг Ерөнхий сайдаар томилох саналыг УИХ-д оруулах, УИХ бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж үзсэн тохиолдолд тараах шийдвэр гаргах талаар УИХ-ын даргатай зөвшилцөн, тогтоолын төсөл өргөн мэдүүлэх, онц болон дайны байдал зарлах (энэ тохиолдолд УИХ эцэслэн шийднэ), ард нийтийн санал асуулга явуулах санал гаргах, хууль санаачлах” зэргийг хамруулсан байна. Харин Засгийн газартай харилцах бүрэн эрхэд нь “Ерөнхийлөгч өөрийн бүрэн эрхэд хамаарах асуудлаар Засгийн газарт чиглэл өгөх бол энэ тухай зарлигийн төслийг Ерөнхий сайдад хүргүүлж, санал авна” гэж заажээ. Мөн “Ерөнхийлөгчийн төрийн дээд түвшинд айлчлал хийх, олон улсын хуралд оролцохтой холбоотой гадаад арга хэмжээг Засгийн газартай зөвшилцөн зохион байгуулах бөгөөд Ерөнхийлөгчийн төрийн дээд түвшний гадаад арга хэмжээнд гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын албан тушаалтныг оролцуулах үүрэгтэй” байхаар хуульчлах нь. Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн хувьд ЗХЖШ-ын даргыг УИХ-тай зөвшилцөн томилох эрх нь хэвээрээ байх бөгөөд харин ҮАБЗ-ийн нарийн бичгийн даргыг Төрийн тэргүүнд танилцуулснаар Ерөнхий сайд томилж, чөлөөлөхөөр заажээ. Түүнчлэн гадаад харилцааны чиглэлээрх өмнө нь хэрэгжүүлж байсан бүрэн эрхийг нь өөрчлөөгүй байна. Ерөнхийлөгч Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, гишүүдийг, мөн холбогдох бусад хуулийн дагуу АТГ-ын даргыг томилох, чөлөөлөх эрхтэй байсныг Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр болиулсан юм. Мөн хуульд хориг тавихад нь баримтлах тодорхой шалгуурыг зааж өгчээ. Тодруулбал, УИХ-ын баталсан хууль, бусад шийдвэр нь Үндсэн хуульд харшилсан, үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд нийцээгүй, хүний эрх, эрх чөлөөг дордуулсан бол хориг тавих эрхтэй аж. Харин Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг УИХ хэлэлцэн, гаргасан болон улс төрийн албан тушаалтныг томилсон шийдвэрт нь хориг тавих эрхгүй байхаар тусгажээ.