Монгол Улсын 32 дахь Ерөнхий сайд Засгийн газраа байгуулаад 100 хонож байна. Энэ хугацаанд хийж, хэрэгжүүлсэн ажлынхаа талаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өчигдөр хэвлэл мэдээллийнхэнтэй уулзаж, асуултад нь хариулав. Засгийн газрын тэргүүн өнгөрсөн 100 хоногийг үндсэндээ вакцинжуулалтад зориулсан, хатуу хөл хориог цаг хугацааны хувьд оновчтой тогтоосон гэж дүгнэлээ. Мөн “Пфайзер” компанитай холбоо тогтоон ажиллаж байгаа бөгөөд долдугаар сарын 1-нээс өмнө хүүхдийн вакциныг татан авахаар төлөвлөж байгаа гэв. Үүнээс гадна долдугаар сарын 1 гэхэд цар тахлын нөлөө бүрэн арилахгүй бол хөнгөлөлтийн арга хэмжээнүүдээ он дуустал үргэлжлүүлэхээр төлөвлөж буй аж.
Түүнчлэн ажлын байрыг дэмжих гурван хувийн хүүтэй зээлийн санхүүжилтийг нэг их наяд төгрөгөөр нэмэгдүүлж, гурван жилийн хугацаатай, гурван их наядын багц болгохоор шийджээ. Улмаар цар тахлыг богино хугацаанд даван туулсан эхний 10 улсын нэг болж, үүний дараа хэрэгжүүлэх 100 төсөл, арга хэмжээг зарлаж буйгаа мэдэгдсэн юм. Эдгээрийг амжилттай хэрэгжүүлж чадвал манай эдийн засаг гурав дахин тэлнэ хэмээн тооцжээ. Төмөр замын бүтээн байгуулалтын тухайд нэн тэргүүнд Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаян, Богдханаас бусдыг нь заавал төр барих албагүй гэж үзэж буйгаа илэрхийллээ.
Уулзалтын үеэр сэтгүүлчдийн тавьсан зарим асуултад хэрхэн хариулсныг тоймлон хүргэж байна.
-Ерөнхий сайд намын дарга байх ёстой юу. Засгийн газрын тэргүүн нь намын тамга атгаагүй цагт үүрэх хариуцлагатай нь эрх мэдэл тань дүйх үү?
-МАН-ын дүрэмд зааснаар Ерөнхий сайд намын дарга байх ёстой. Үүний дагуу шийднэ гэдэгт итгэлтэй байгаа. Энэ нь Л.Оюун-Эрдэнэ гэдэг хүн намын дарга болох гээд байгаа хэрэг биш, зарчмын асуудал. З.Энхболд АН-ын дарга байхад Ерөнхий сайдаар ажилласан Ч.Сайханбилэг, М.Энхболд МАН-ыг удирдаж байхад Засгийн газрын тэргүүнээр томилогдсон Ж.Эрдэнэбатын туулсан замаар хойшид явах ёсгүй. Ерөнхий сайд нь заавал намын дарга байх ёстой. Ялаа үүрвэл ямбаа ч эдлэх учиртай. Өөрөөр хэлбэл, улс төрийн болон захиргааны эрх мэдлийг нэг гарт төвлөрүүлэх шаардлагатай. Хэрэв үгүй гэвэл болих ёстой. Цаашид үүнийг хуульчлах хэрэгтэй. Энэ бол дэлхийн жишиг. Намын дарга М.Энхболд УИХ-ын дарга болоход нь би ийм байр суурь илэрхийлж, түүний эсрэг санал өгч байсан. Цар тахал намжихаар МАН их хурлаа хийх байх. Одоогийн намын дарга Ерөнхийлөгчид нэр дэвшихээр болсон учраас намтай холбоотой асуудлыг ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан хариуцан ажиллаж байна.
-Засгийн газар ОХУ-аас “Спутник” вакцин оруулж ирж чадах юм уу, үгүй юм уу?
-Биднээс шалтгаалахгүй байна, чадлаараа ажиллаж байгаа. Өнөөдрийн нөхцөлд аль вакцин сайн гэхээсээ илүү, олж авч чадах уу гэдэг нь асуудал болсон шүү. ОХУ-ын Элчин сайдтай уулзахад “Монгол Улсад атаархаж байна. ОХУ-д вакцинжуулалт хангалттай хэмжээнд хүрээгүй” гэж хэлсэн. Хоёр хөрш маань бидэнд боломжоороо тусалж буй ч ОХУ, БНХАУ иргэдийнхээ 10 хувийг нь вакцинжуулаагүй байгааг сайтар ойлгоорой.
-Вакцин оруулж ирэхэд УИХ-ын нэр бүхий гишүүд саад учруулсан гэж та хэлсэн. Хэн юм бэ?
-Вакцинжуулах ажлыг улстөржүүлсэн явдал олон гарсан. Асуудлыг хурцатгаад яах вэ гэж бодоод нэрийг нь зарлаагүй. Сэтгүүлч асуусан болохоор хэлье. Энэ хэрэгт нэлээд онцгой үүрэг гүйцэтгэсэн хүн бол УИХ-ын дэд дарга С.Одонтуяа, түүний гэр бүлийн хүн Г.Өлзийбүрэн нар. Хэвлэл мэдээллийнхэн болон гаалийн зарим байцаагч нар луу утастаж, дарамталсан. Төрийн өндөр дээд албан тушаал хашиж байгаа хүн эрх мэдлээ урвуулан ашиглаж болохгүй гэдэг хатуу байр суурьтай байдаг учраас энэ хүний нэр, гэр бүлийн хүнийг зарлаж байна. Үүнийг хууль, хяналтын байгууллагаар шалгуулна. Цаашдаа ийм асуудал гарвал ил тод хэлээд явна. Энэ нь Л.Оюун-Эрдэнийн биш, цар тахал, Монгол Улсын аюулгүй байдалтай холбоотой асуудал. Нэг ч вакцин авчирч, үйлдвэрлэж чадахгүй байж битгий “вакцин судлаач” бол гэж хатуу анхааруулъя.
-МАН, МАХН нэгдэхээр боллоо. Танай Засгийн газар тогтвортой ажиллах уу?
-12 жилийн дараах энэ нэгдлийг би зөв гэж бодож байгаа. Намууд нэгдэж, дотооддоо тинк танк хэлбэрээр хөгжиж, парламентаа илүү хүчтэй болгох ёстой. Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө, хойно Засгийн газрын тогтвортой байдалтай холбоотой асуудал байнга яригддаг. Тиймээс ч цаашид парламентын тогтолцоогоо илүү хүчтэй болгох нь зүйтэй.
-Хариуцлагагүй ажилласан сайд нараа танхимаасаа явуулах уу?
-Шат шатандаа хариуцлага тооцдог механизм ажиллуулах ёстой. Жишээ нь, өмнөх Засгийн газрын огцрох шалтгаан ганцхан Шадар сайдтай холбоотой байсан гэж боддоггүй. Өөрөөр хэлбэл, “Өргөө” амаржих газрын хариуцлагагүй байдалтай шууд холбоотой. Мөн цэргийн амь нас эрсдэж байгаа нь эмгэнэлтэй зүйл мөн. Гэхдээ ийм тохиолдол бүрт Батлан хамгаалахын сайд нь огцорч болохгүй. Ийм зүйл дэлхийн хаана ч байхгүй. Засгийн газар, сайд нар нь үлээхэд хийсчихээр байж болохгүй. Тиймээс Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ц.Нямдорж, Шадар сайд С.Амарсайхан нарт алдаатай нь холбогдуулан анхааруулж хэлсэн. Харин сайд, дарга нарт авлигатай холбоотой ямар нэг асуудал үүсвэл шууд чөлөөлнө.
-УИХ-ын гишүүн Ц.Анандбазарын холбогдсон хэргийн тухайд юу хэлэх вэ?
-Энэ асуудал нийгэмд нэлээд газар авч байна. Парламентын гишүүний бүрэн эрхээсээ татгалзаж, огцрох нь амаргүй байх. Гэхдээ гишүүн Ц.Анандбазар үнэхээр гэм буруугүй бол бүрэн эрхээсээ түдгэлзээд, шалгуулах хэрэгтэй. Гэм буруугүйгээ нотолчихоод буцаад ирвэл ёс зүйд нийцнэ. Хариуцлага тооцох эрх бүхий субъектэд нь Ерөнхий сайдын хувиар саналаа хэлсэн.