Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын 100 хоног өчигдөр Ялалтын баяртай давхцав. Ерөнхий сайд үүнийг ихэд бэлэгшээж, коронавирусийн цар тахлыг ялах итгэл төрж буйгаа илэрхийлнэ лээ. Хүн амаа вакцинжуулах нь тэдний нэн тэргүүний зорилт болохыг тэрбээр танхимаа бүрдүүлсний дараа мэдэгдэж, цар тахлын голомтод ажиллаж буй ажилтан, албан хаагчид, эрсдэлтэй бүлгийнхэн, цаашлаад нийт иргэнээ үе шаттай дархлаажуулах ажлыг эхний 100 хоногт багтаан зохион байгуулахаа амласан. Тэгвэл өчигдрийн байдлаар дархлаажуулалт нийслэлд 93, орон нутагт 70 орчим хувьтай байна.
Засгийн газар долдугаар сарын 1 гэхэд хүн амынхаа 60 хувь буюу 18-аас дээш насны бүх иргэнээ бүрэн дархлаажуулах зорилт тавьсан бөгөөд ирэх хоёр сарын хугацаанд үүнийг хийх бүрэн боломжтой хэмээн мэдэгдэж буй. Өөрөөр хэлбэл, вакцины нөөц хангалттай, түүнийг худалдан авах гэрээ, хэлэлцээрүүдийг амжилттай хийж, санхүүжилтийг нь шийдсэн бөгөөд одоо гагцхүү тэдгээрийг үе шаттай тээвэрлэн авчирч, зорилтот бүлгээ амжилттай хамруулахад бид энэ зуныг “ковид”-гүй өнгөрүүлэх гэнэ. Гэвч түүнийг томилогдож байхад коронавируст халдварын шинэ тохиолдол нийслэлийн хэмжээнд өдөрт 20 хүрэхгүй байсан бол өдгөө улсын хэмжээнд хэдийн 1000-ыг давж, өмнөхөөс хэдэн зуу дахин нэмэгдэн, нас барсан хүний тоо 162 болов. Тавдугаар сарын 1-нээс агаарын хилээ нээх төлөвлөгөө ч талаар болов.
Коронавирусийн халдварын тархалтыг хумих, өвчлөлөөс сэргийлэхийн тулд өнгөрсөн 100 хоногийн 40 гаруйд нь хатуу хөл хорио тогтоожээ. Хоёр дахь хөл хорионы үеэр иргэн бүрт 300 мянган төгрөг олгож, эл мөнгөний эх үүсвэрийг “Оюутолгой”-н татвараас санхүүжүүлэв. Харин одоо вакцины хоёр дахь тунгаа тариулсан иргэдэд 50 мянган төгрөг олгож буй.
Иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалахын зэрэгцээ эдийн засгаа сэргээх нь Л.Оюун-Эрдэнийн “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-ний нэг тал. Өмнөх шиг зөвхөн хорьж, хязгаарлахыг илүүд үзэхгүй, эдийн засгаа элгээрээ хэвтэхээс өмнө сэргээх нь эл төлөвлөгөөний зорилго гэж хэлж болно. Магадгүй аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг сэргээж, хөл хориог сулласан нь халдварын тархалт эрчтэй нэмэгдэх үндсэн шалтгаан байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ ямар байгууллагуудын үйл ажиллагааг зөвшөөрөх, халдвар хамгааллын дэглэмээ баримталж буй, эсэхэд хэрхэн хяналт тавьж байгаа болон энэ явцад гарсан алдаа, дутагдал багагүй. Онцгой болон өндөржүүлсэн бэлэн байдлын дэглэм хүн бүрт тэгш үйлчлэхгүй, эргэж буцсан шийдвэр нь иргэдийн толгойг эргүүлсэн үү гэвэл тийм. Дээд шатны байгууллагын шийдвэрийг хэрэгжүүлэхдээ замхруулдаг, хариуцлага алддаг, иргэдийг чирэгдүүлдэг, цар тахлыг мөнгө олох арга хэрэгсэл болгочихсон хувь хүн, албан тушаалтан ч тодорсон. Өглөө сэрэхдээ хороогоороо хоригдох шийдвэртэй иргэд нүүр тулсан нь ч үнэн. Дархлаажуулалтын ажил ч иргэдийг бухимдуулсан. Энэ мэтээр коронавирустэй тэмцэх ажил шат шатандаа чамлалттай байхад уг арга хэмжээг шууд удирдан чиглүүлж буй Улсын онцгой комиссын дарга, Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан хариуцлагаа үл мэдрэв. Ажлынх нь үр дүнтэй холбоотой асуудлуудаас гадна ар гэрийнхэнтэй нь холбоотой элдэв дуулианыг ажралгүй “давах” түүнд хариуцлагыг нь сануулж, анхааруулах хүн энэ Засгийн газраас гарсангүй.
Ер нь Ерөнхий сайд цар тахал, цахим шилжилтийг онцлон ажлаа эхлүүлсэн гэхэд болно. Цахим үндэстэн байгуулах ажлыг далайцтай өрнүүлэн, E-Мongolia цонхонд төрийн бүх үйлчилгээг нэгтгэх нь энэ Засгийн газрын тэргүүлэх дөрвөн зорилтын нэг. Эл цахим шилжилтийг 2021-2024 онд 90 хувь хүртэл хийхээр төлөвлөж буй бөгөөд ирэх намар Цахим хөгжлийн яам байгуулахаар бэлтгэж байна. Харин эхний 100 хоногтоо төрийн 500-гаас доошгүй үйлчилгээг цахимжуулж, E-Mongolia системд нэгтгэх амлалтдаа хүрснээ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өчигдөр мэдэгдэв. Иргэд, олон нийтэд үйлчлэх E-Mongolia төв Төв шууданд ажиллаж эхэлсэн бөгөөд тэнд төрийн 50 орчим байгууллагын 516 үйлчилгээг цахимаар үзүүлж заавар, зөвлөмж, туслалцаа үзүүлж байна. Засгийн газраас иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвийг ч энд нэгтгэн ажиллуулж буй аж. Энэ бол уул уурхайгаас хэт хамааралтай эдийн засгийн бүтцийг задалж, тэргүүлэх чиглэлийнх нь нэг мэдээллийн технологийн салбар байх ёстой гэж үзэж, зорьж буй ажлын нэг хэсэг.
Энэ нь нийгэмд шударга ёс тогтоох, төрийн хүнд суртал, авлигыг бууруулах тэмцлийн эхлэл байх учиртайг тэр хэлж ирсэн. Тухайлбал, сайд нарыг нь томилсны дараа УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны индэр дээрээс “Хэнийг ч хэлмэгдүүлдэггүй, ял завшуулдаггүй хараат бус, шударга шүүхийн тогтолцоо бүрдүүлэхийг бүх талаар дэмжиж ажиллах болно. Төрийг албан бусаар удирдахыг хүсдэг бүлэглэлийн нөхөдтэй хатуу тэмцэнэ. Шүүхэд болон хууль хяналтын байгууллагад байршуулсан тэдний төлөөлөгч нарыг цэвэрлэхийн төлөө ажиллана” хэмээж байлаа. С.Зоригийг хөнөөсөн, цаашлаад олны анхаарал татсан олон хэргийг хэрхэн шийдвэрлэсэн, хууль, шүүхийнхний шударга бус үйл ажиллагааг ил болгохын тулд ҮАБЗ-ийн гишүүний эрхийн хүрээнд өөрөөс шалтгаалах бүхнийг хийхээ гүйцэтгэх засаглалын тэргүүн мэдэгдсэн. Улмаар энэ мэт хэрэгт холбоотой нь тогтоогдсон гэж үзэж, ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга А.Гансүхийг албан тушаалаас нь түдгэлзүүлэх санал гаргачихсан.
Гэвч энэ нь шударга ёсны төлөөх тэмцэл үү, Ерөнхийлөгчийн сонгууль угтсан, Х.Баттулгыг намнах гэсэн эрх баригчдын төлөвлөгөөт ажиллагааны нэг хэсэг үү гэсэн асуулт зүй ёсоор гарна. Учир нь “С.Зоригийн” гэх тодотголтой эл хэрэгт холбогдох нууц мэдээллийг ил болгоно гэж Хууль зүй, дотоод хэргийн сайд, Ерөнхий сайд нь мэдэгдсэн ч өнөө хэр холбогдох тогтоол, шийдвэр нь албажсэн, эсэх нь тодорхойгүй. Өнгөрсөн сарын эхээр Ерөнхийлөгч Х.Баттулга үүнийг судлан шийдвэрлэж, ил болгохыг хүссэнээс хойш таг чиг. Магадгүй энэ нь өдгөө Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээсээ нэгэнт өнгөрсөн өнөөгийн Төрийн тэргүүнийг “хорлох” ажиллагааны нэг хэсэг байсан бол үүнийг дахиж сөхөхгүй ч байж мэднэ. “Цаг цагаар нэг цадна, Цагаан сараар нэг цадна” гэдэг шиг С.Зоригийн амийг бүрэлгэсэн хэргээр “зоолж”, шоуддаг улстөрч, хэсэг, бүлэг хүн, нам, хүчин нэг бус тодорсон нь худлаа биш шүү дээ.
Мэдээж уул уурхайн салбарын орлогыг илүү өгөөжтэй, тэгш хүртээх нь энэ Засгийн газрын тэргүүлэх зорилт. Уул уурхайн стратегийн орд газруудын шууд өгөөжийг нэмэгдүүлэх, тухайлбал, Оюутолгойн гэрээг эрс сайжруулж, Монгол Улс баялгаа ашиглуулсны хариуд өртэй биш, харин өвтэй үлдэх нөхцөл бүрдүүлэхийн төлөө УИХ-тай нягт хамтран ажиллахаа илэрхийлсэн. Хөрөнгө оруулалтын гэрээнээс болж үүсээд буй татварын маргаанаас авхуулаад “Оюутолгой” төслийн гүний уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөг цуцлах, хөрөнгө оруулалтын болон хувь нийлүүлэгчийн гэрээг эргэж харах гэхчлэн уг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах хэлэлцээг “Рио тинто” компанитай дөнгөж эхлүүлээд байна.
Мөн дээрх зорилтын хүрээнд эхний 100 хоногтоо багтаан төрийн өмчит компаниудад бүтцийн өөрчлөлт хийхээ Ерөнхий сайд мэдэгдэж, холбогдох сайд нарт үүрэг, чиглэл өгсөн. Үе үеийн Засгийн газраас байнга нэхэж, шаардаж ирсэн ч өнөөдрийг хүртэл ужгирсан эл асуудлыг шийдэж, цэгцэлж чадвал Л.Оюун-Эрдэнийн тэргүүлсэн танхимын гавьяа болох нь гарцаагүй. Харин одоогоор бүтцийн өөрчлөлтийг хэрхэн хийх талаарх тодорхой шийдвэр алга.