Монгол Улсын Их Хурлаас 2020 оны нэгдүгээр сард “Иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай” болон уг хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг баталсан билээ. Уг хуулиудад зургаан сая төгрөг хүртэлх тэтгэврийн зээлтэй ахмадуудын зээлийг бүрмөсөн тэглэх, зээлгүй байсан ахмадуудад нэг сая төгрөгийн ваучер олгож, энэ оны тавдугаар сарын 21-нээс мөнгөжүүлэх, нэг саяас доош төгрөгийн зээлтэй байсан хүмүүст зөрүүг олгохоор тусгасан билээ.
Тэгвэл УИХ-ын дарга Г.Занданшатар холбогдох албаныхантай өнөөдөр уулзаж, зээлгүй буюу нэг саяас доош төгрөгийн зээлтэй байсан ахмадуудад ваучер олгох, түүнийг мөнгөжүүлэх ажлын явцтай танилцлаа.
“Эрдэнэс Монгол”, “Эрдэнэс силвер ресурс” компаниуд Салхитын мөнгө, алтны ордыг эдийн засгийн эргэлтэд оруулсан орлогоос төрд ногдох өгөөжийг барьцаалан үнэт цаас гаргах замаар иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийг төлөх хуулиар хүлээсэн үүргээ амжилттай биелүүлж, дээрх арга хэмжээнд шаардагдах 216 тэрбум төгрөгийг хуримтлуулж, бэлэн болгосон гэдгээ Гүйцэтгэх захирал Д.Хаянхярваа, Т.Мөнхбаяр нар мэдээллээ. Мөн энэ үйл ажиллагааны төлбөр тооцооны асуудалд ямар нэгэн саад бэрхшээл байхгүй гэдгийг Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн хэлэв.
Энэ үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар ваучер олгож, мөнгөжүүлэх ажлыг ирэх даваа гарагаас эхлэн яаралтай зохион байгуулах чиглэлийг өгсөн юм. Мөн ваучер олгохдоо ахмадуудыг бөөгнөрүүлж, хөл хорионы дэглэмийг зөрчихгүйгээр гэрт нь, гарт нь хүргэхэд анхаарч ажиллахыг анхааруулсан юм.