“Бодлогод залуусын хяналт” төрийн бус байгууллагын Удирдах зөвлөлийн гишүүн Т.Амарзаяатай ярилцлаа.
-Сонгуулийн үеэр танайх хөндлөнгийн ажиглалт хийх үү?
-Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулиар “Сонгуулийн иргэний нийгмийн ажиглалт” төслөө хэрэгжүүлнэ. Улаанбаатар хотын есөн дүүрэг, хоёр аймаг болон БНСУ-д 55 хэсэгт нийт 110 ажиглагч ажиллуулахаар төлөвлөсөн. Мөн сонгуулийн зардалд мониторинг хийх ажлаа үргэлжлүүлнэ. Мониторинг хийх нь сонгуулийн зардлыг бууруулах, улс төрийн намуудын ил тод байдлыг сайжруулахад чухал ач холбогдолтой. Өнгөрсөн оны УИХ-ын сонгуулиар нам, нэр дэвшигчид хэчнээн төгрөг зарцуулсныг манай байгууллагын www.policywatch.mn хуудаснаас харах боломжтой.
-Хуульд зааснаар хөндлөнгийн ажиглагч хийх нь нээлттэй. Гэвч ажиглах боломжоор бүрэн хангахгүй байх зэрэг хүндрэл учирдаг юм билээ.
-Сонгуулийн үеэр нийтлэг хүндрэлүүд учирдаг. Жишээ нь, ажиглагчдыг хэсгийн хороодод бүртгүүлэх ёстой. Гэвч хэсгийн хорооны ахлагчийн нас, туршлага, хандлага зэргээс шалтгаалан ажиглагчийн хүсэлтийг олон дахин буцааж, нэмэлт бичиг баримт нэхдэг. Өнгөрсөн оны хувьд цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалаад сонгуулийн санал авах өдрийн үйл явцыг бүрэн ажиглаж чадахгүй эрсдэл үүссэн. Тухайлбал, улс төрийн нам, бие даагчдын болон иргэний нийгмийн байгууллагын ажиглагчдад цагийн хуваарийн дагуу ээлжилж ажиллах шаардлага тавьсан. Иргэний нийгмийн байгууллагуудыг улс төрийн намтай харьцуулах боломжгүй. Хараат бус хөндлөнгийн байр сууринаас сонгогчдын сонгох эрхийн манаанд иргэдийг төлөөлж ажиллаж байгаа гэдэг утгаар нь манай ажиглагчдыг бүрэн оролцуулахыг СЕХ-ноос хүссэний дагуу боломж олгосон. Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр ийм нөхцөл үүсэхгүй байгаасай гэж найдаж байна. Харин үүсэж болзошгүй нэг асуудал нь дахин санал хураалт явуулах магадлалтай. 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар долоо хоногийн дараа дахин санал хураалт явуулахад манай ажиглагчид 20 хэсэгт ажилласан.
-Сонгуулийн амлалтын хэрэгжилтэд хяналт тавих, дүн шинжилгээ хийх ажлыг танайх эхлүүлжээ. Энэ талаараа тайлбарлахгүй юу?
-АНУ-ын хөгжлийн хөтөлбөр буюу USIAD болон Бүгд найрамдахчуудын олон улсын хүрээлэн (IRI)-гийн дэмжлэгтэйгээр “Залуучууд, эмэгтэйчүүдийн сонгууль, улс төрийн оролцоог идэвхжүүлэх нь” хөтөлбөр хэрэгжүүлж байгаа. Үүний хүрээнд “Бодлогод залуусын хяналт” төрийн бус байгууллага “Залуучууд сонгуулийн амлалтыг хянах нь” төслийг 2020 оны аравдугаар сараас хэрэгжүүлж байна. Уг төслийн хүрээнд гурван багц ажил эхлүүлсний нэг болох сонгуулийн амлалтыг хянах “дата банк” бүтээлээ. Нэг ёсондоо 2020 оноос эхлэн сонгуулийн амлалтыг биелүүлсэн, эсэхийг харах боломжтой “ой санамж” үүсгэж байна гэж ойлгож болно. Залуучууд, эмэгтэйчүүдийн өмнө тулгамддаг боловсрол, хөдөлмөр эрхлэлт, эрүүл, аюулгүй амьдрах орчны асуудлаар дата мэдээлэл цуглуулсан бөгөөд сэдэв тус бүрээр нь үзэх боломжтой. Мөн УИХ-д суудалтай намууд болон Засгийн газрын мөрийн хөтөлбөрт эдгээр асуудлыг хэрхэн шийдвэрлэхээр тусгасан бэ гэдгийг нэг дороос харж болно. Цаашид сар тутамд уг датаг шинэчилж, амлалтын хэрэгжилтэд хяналт тавихаар зорьж байгаа. Ингэснээр бидэнд ямар асуудал тулгамдаж байна вэ, үүнийг хэрхэн шийдвэрлэхээр амласан бэ, хэрэгжүүлж байна уу гэдгийг дүгнэх боломж бүрдэнэ.
Түүнчлэн хоёр дахь чухал ажил болох “Сонгуулийн амлалтын хяналт” иргэний нийгмийн сүлжээг байгуулан нөлөөллийн ажил эхлүүлээд байна. Тус сүлжээ нь найман гишүүн байгууллагатай. Дөрвөн сэдвийн хүрээнд гишүүн байгууллагууд баг болж, сонгуулийн амлалтыг хэрэгжүүлэх нөлөөллийн ажлыг аймаг, дүүрэг, нийслэлийн түвшинд хүргэхээр ажиллаж байна.
-Шүүхийн тухай хуулийг шинэчлэн батлах үеэр танайхаас санал хүргүүлсэн. Үүнийг тусгасан уу?
-Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд “Нээлттэй нийгэм форум” болон “Оюуны инновац” төрийн бус байгууллагатай хамтран санал, зөвлөмж боловсруулан хүргүүлсэн. Үүнийгээ тусгуулахын тулд уг хуулийн төслийн ач холбогдлыг таниулах ажлыг зохион байгуулсан юм. Бидний санал, зөвлөмжийн дийлэнхийг тусгасан нь сайшаалтай. 2019 онд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах үеэр хараат бус шүүх, хариуцлагатай, тогтвортой Засгийн газрыг бий болгохуйц зохицуулалтыг тусгах нь чухал байсан учраас иргэний нийгмийн байгууллагын залуусын хувьд үүнд анхаарал хандуулсан. Тиймээс Шүүхийн тухай хуулийг батлах үед ч идэвхтэй ажилласан юм. Уг хуулийн амин сүнс болсон, Шүүхийн ерөнхий зөвлөл болон Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнийг нээлттэй сонгон шалгаруулахтай холбоотой зохицуулалтыг таниулах, уг шалгаруулалтад иргэдийн оролцоог хангах ажлыг өдгөө зохион байгуулж байна. Харамсалтай нь, Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааны дүгнэлтийн дагуу эдгээр заалтыг түдгэлзүүлсэн. Цэцийн дүгнэлтийг УИХ хүлээж аваагүй нь сайшаалтай ч их суудлын хуралдаанаараа хэрхэн шийдвэрлэхийг харах үлдлээ.