СЕХ-ны шийдвэрийг эсэргүүцсэн О.Цогтгэрэл тэргүүтэй Ардчилсан намынхан хоёр дахь өдрөө өлсгөлөн зарлаад байна. Тэгвэл Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн С.Одонтуяа өлсгөлөн зарлаад буй гишүүдийг эргэж очсон бөгөөд өчигдөр гаргасан уриалгынхаа талаар мэдээлэл өглөө. Тэрбээр "Намын дотоод хагарал, асуудлыг шийдвэрлэхийн тулд сүүлийн 15 жилийн турш Ардчилсан намын эрх бүхий албан тушаалд сууж байсан таван этгээдийг хэлэлцээрийн ширээний ард сууж, асуудлыг шийдвэрлээсэй хэмээн уриалга гаргасан. Үүнд Ерөнхийлөгч Х.Баттулгаас гадна З.Энхболд, С.Эрдэнэ, Н.Алтанхуяг, Ц.Элбэгдорж нар багтсан. Сүүлийн жилүүдэд намын удирдах албан тушаалыг хашиж байсан хүмүүсийн хувьд эдгээр албан тушаалтнууд үүрэг, хариуцлагаа ухамсарлах ёстой. Намын энгийн гишүүдээс уучлалт гуйж, хагарлыг шийдвэрлэхийг уриалсан боловч эдгээр хүмүүс ирсэнгүй. Хэрэв өөрт нь ашигтай, албан тушаалтай холбоотой асуудал байсан бол эдгээр хүмүүс аль эрт ирчих байсан болов уу" гэв.